ОХУ Япон руу хийдэг нислэгээ 11 дүгээр сарын 1-нээс эхлэн сэргээхээр болжээ
Коронавирусний улмаас өнгөрөгч хавар Япон улстай түр зогсоогоод байсан нислэгээ ОХУ 11 дүгээр сарын 1-нээс эхлэн сэргээхээр болжээ. Холбогдох шийдвэрийг тус улсын коронавирустэй шуурхай штаб 10 дугаар сард гаргасан байна.
Ням гаргаас агаарын тээврийн “Аврора" компанийн Владивостокоос Токио руу хийдэг нислэг сэргэнэ. Тус компани “Airbus A319” онгоцоор долоо хоногийн ням гарагт нэг удаа нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Цаашид нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломжтой аж.
Оросын "Аэрофлот" компани 11 дүгээр сарын 5-наас Москва-Токио чиглэлд нислэгээ сэргээхээр төлөвлөжээ. Нислэгийн хөтөлбөрийг дахин эхлүүлэх ажлыг долоо хоногт нэг удаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид нислэгийн тоог долоо хоногт хоёр удаа болгож нэмэгдүүлж, пүрэв, бямба гарагт (буцах нислэгийг бямба, ням гарагуудад) үйлдэхээр төлөвлөж байна.
Токио хот дахь Оросын визийн төв 10 дугаар сарын сүүлчээр үйл ажиллагааг эхлүүлжээ. Японы “JAL”, “All Nippon Airlines” компаниудын нислэг эхлэх эсэх талаар одоогоор мэдээлэл байхгүй байгаа аж.
Оросууд гадаадын орнуудаас Москвад буцаж ирснийхээ дараа гурван өдрийн дотор шинжилгээ өгч, хариуг нь төрийн үйлчилгээний цахим хуудсанд байрлуулах ёстой байна.
Коронавирусний цар тахлын улмаас бусад улс оронтой зорчигч тээврийн тогтмол нислэгээ ОХУ хавар зогсоосон юм. Харин зунаас хэсэгчлэн сэргээж байгаа бөгөөд одоогийн байдлаар Турк, Их Британи, Танзани, Швейцар, Египет, АНЭУ, Беларусь, Киргиз, Казахстан, БНСУ, Мальдив, Куба руу нислэг үйлдэхийг зөвшөөрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.