Онцгой байдлын салбарт төсөл хэрэгжүүлэх Франц мэргэжилтнүүдийг авчрах боломжийг ярилцав

Онцгой байдлын салбарт төсөл хэрэгжүүлэх Франц мэргэжилтнүүдийг авчрах боломжийг ярилцав

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Франц Улс /БНФУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзсан тухай Шадар сайдын ажлын алба мэдээлэв.

Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоо тэмдэглэж буй манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт амжилттай хөгжиж буйд Шадар сайд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, "Монгол Улсын гамшгаас хамгаалах салбарыг бэхжүүлэхэд Франц Улсын Засгийн газар дэмжлэг болж буйд талархаж байна. Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж буй чухал төслийг үр дүнтэй болгоход бүхий л талаар дэмжих болно" хэмээв. 

Франц Улсын Засгийн газраас олгох 57.9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийг эхлүүлэх ажил цар тахлын улмаас удаашралтай байгааг Шадар сайд тэмдэглэв. Талууд Монгол Улсад ирж ажиллах, сургалт хийх шаардлагатай Францын мэргэжилтнүүдийг Монгол Улсад хүлээн авах боломжийг  ярилцсан юм.

Монгол Улсын Шадар сайд уулзалтын төгсгөлд Манай улсаас авч хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын арга хэмжээтэй уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөрийг саадгүй үргэлжлүүлэхийн тулд бүхий л хувилбар, шийдлийг эрэлхийлэхээс гадна эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.