Аравдугаар сард 177 тээврийн хэрэгсэл, 65 мянга гаруй кг ачааг халдваргүйтгэжээ

Аравдугаар сард 177 тээврийн хэрэгсэл, 65 мянга гаруй кг ачааг халдваргүйтгэжээ

Монгол Улсад “COVID-19” халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол анх бүртгэгдсэн цагаас хойш ЗӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг нийт 450 удаагийн дуудлагаар сэжигтэй болон батлагдсан тохиолдол байрлаж байсан тусгаарлан ажиглах байрны 345 өрөө, тусгай нислэгээр голомтот бүс нутгаас эх орондоо ирсэн 27725 иргэнд үйлчилжээ.

Ингэхдээ 42092 ширхэг гар тээш, 775113 кг карго ачаа, 179 агаарын хөлөг, 1 124 тээврийн хэрэгсэл, 31 галт тэрэг, 13 чингэлэг зэргийг халдваргүйжүүлж, дотоодод халдвар тархахаас урьдчилан сэргийлж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй. Улсын Онцгой Комиссын шийдвэрээр 2020 оны 10 дугаар сард тусгай үүргийн 10, захиалгат 8 нийт 18 удаагийн нислэг үйлдэж нийт 3460 иргэнийг татан авчээ.

Тусгай нислэгээр ирсэн зорчигчдын эд зүйлс, ачаа, тээш, тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл болон тусгаарлан ажиглах байрыг халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дагуу тусгаарлан сорьц авч “COVID-19” халдварын шинжилгээ хийх ажлыг ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний багууд гүйцэтгэж байгаа аж.

Аравдугаар сард хариу арга хэмжээний 8 баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд 62 удаа ажиллаж, 18 онгоц, 6 тусгаарлах байр болон зорчигчдыг тээвэрлэсэн 177 тээврийн хэрэгсэл, зорчигчдын гар тээш, хувийн хэрэгсэл, зэрэг нийт 65000 гаруй кг ачааг халдваргүйтгэжээ.

Түүнчлэн ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори тусгай нислэгээр ирсэн зорчигчдоос 19 удаа нийт 2021 хүнээс сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ хийсэн байна. Үүнээс ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаанбайшинт боомтоор нэвтэрч буй 132 иргэнээс газар дээр нь коронавирусний шинжилгээ хийжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.