Нийтийн тээвэр эрхлэгчдэд камеруудын хэвийн ажиллагааг хангахыг үүрэг болгов
Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Улаанбаатар смарт карт” ХХК болон нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хамтран энэ оны 9 дүгээр сарын 17-ноос 20-нд нийслэлийн нийтийн тээвэрт явж буй автобуснуудад суурилуулсан хянах камерууд хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгажээ.
Тодруулбал, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобус, троллейбус дотор өнгөрсөн онд хяналтын камер суурилуулсан юм. Дээрх шалгалтад 20 аж ахуйн нэгжийн 23 авто баазын 1202 автобусыг хамруулсан бөгөөд энэ нь нийт автобусны 98.7 хувийг эзэлж буй юм. Үлдсэн 1.3 хувь нь эвдэрсэн, ашиглалтын хугацаа дууссан, акттай байгаа аж. Шалгалтын үеэр 666 зөрчил илэрчээ. Тухайлбал, автобус доторх урд, хойд хэсэг, зорчигчийн хэсэг болон жолоочийн хэсгийг харуулах камер ажиллахгүй байсан зөрчил нийтлэг байв. Мөн камерын бичигч төхөөрөмж гэмтсэн, камерын SD карт алга болсон зөрчил илэрсэн байна.
Шалгалтын баг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 20 аж ахуй нэгжийн удирдлагуудтай өнөөдөр уулзаж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нэг бүрчлэн тайлбарлаж, зөрчлийг 30 хоногийн дотор арилгах албан даалгавар өглөө.
Албан даалгавар болон халаасны хулгайн гэмт өртөхөөс иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнгөөс тодруулахад “Албан даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ хуулийн этгээд биелүүлээгүй гэж нэг сая төгрөгөөр торгоно. Мөн аж ахуй нэгж бүр стандартын шаардлагад нийцсэн хяналтын камертай байх үүрэгтэй. Хяналтын камер тавьсан, сольсон, шинэчилсэн талаарх мэдээллээ цагдаагийн байгууллагад хүргүүлэх хэрэгтэй. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм. Хэдийгээр камер суурилуулсан ч гэсэн иргэд автобусанд зорчиж байхдаа эд зүйлээ алдахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжээ алдаж болохгүй. Гар утсаа ил авч явж болохгүй. Хэрэв автобусанд эд зүйлээ алдсан тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтэст мэдээлэх хэрэгтэй. Мөн сууж явсан автобусны дугаарыг тэмдэглэж авах нь эргээд хэргийг илрүүлэхэд тус болдог. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй хүмүүс иргэдийн орхиж, гээж үлдээсэн эд зүйлийг хадгалах үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй бол мөн торгуулийн арга хэмжээ авна” хэмээлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.