Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлтээ 1600 гаруй эмийн сан ирүүлжээ
Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн зохицуулалтыг өчигдрөөс хэрэгжүүлж буй юм. Энэ талаар ЭМДЕГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Хөнгөлөлттэй эм олгож эхэлснээс хойш эмийн сангуудад хэт их ачаалал үүсгэж байгааг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн онцлоод, “Эмийн санхүүжилт нэмэгдсэн учир өмнөх жилүүдийнх шиг сарын эхний нэг, хоёр өдөр дуусахгүй. Тиймээс эм нь дуусаагүй бол заавал сарын эхний өдрүүдэд авах гэж ачаалал үүсгэхгүй байхыг иргэдээс хүсмээр байна. Аль ч үед эмчийн жорын дагуу хөнгөлөлттэй эм авах боломжтой” гэдгийг онцлов.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй олгож буй эмийн олголт болон зарцуулалтад иргэний хяналтыг нэмэгх боломжийг бүрдүүлж хөнгөлөлттэй эм авсны дараа Е-баримтын системээр хөнгөлөлттэй эм авсан эсэх талаар асуусан мессеж очно. Иргэн тийм эсвэл үгүй гэсэн хариултыг өгөх шаардлагатай бөгөөд энэ нь хөнгөлөлтэй эмийн зүй зохистой зарцуулалтад иргэний оруулж буй хувь нэмэр болох болно. Үгүй гэсэн хариулт бүрийн мөрөөр ЭМДЕГ хяналт шалгалт хийнэ гэдгийг ЭМДЕГ-ын Мэдээллийн технолоийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил тодотгосон юм.
Хөнгөлөлттэй эмийн хувьд: ЭМДҮЗ-ийн тогтоолоор Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд шинэчилсэн жагсаалтаар 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх юм.
Хөнгөлөлттэй эм бичих эмчийн тухайд: Хөнгөлөлттэй эмийн жор бичих эмчийн мэдээллийг (регистрийн дугаар бүхий) эмнэлэг бүрээр цуглуулж цахимд бүртгэх ажил хийжээ. Өмнө нь зөвхөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй 3382 эмч жор бичиж байсан бол одоо бүх шатлалын, улсын болон хувийн эмнэлгийн хүсэлт гаргасан нийт 6500 гаруй эмч жор бичнэ.
Хөнгөлөлттэй эм олгох эмийн сангийн хувьд: Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлт бүхий эмийн сангуудын хүсэлтийг хүлээн авч, гэрээ хийж байна. 2020 онд ЭМДаатгалын газар 1001 эмийн сантай гэрээтэй байсан бол одоогийн байдлаар 1600 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлтээ ирүүлээд байна. Өөрөөр хэлбэл хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгджээ. Монгол Улсын хэмжээнд 2000 орчим эмийн сан ажиллаж байгаа аж. Тэгэхээр хүсэлтээ ирүүлээгүй эмийн сангууд хүсэлтээ ирүүлж, хөнгөлөлттэй эмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ойртуулах шинэчлэлд хамтран ажиллах боломжтой аж.
Цахим шинэчлэлийн хүрээнд: Эдгээр олон шинэчлэлийг хэрэгжүүлэх гол механизм нь програм, хангамж юм. Хөнгөлөлттэй эмийг олгох програм хангамж, цахимын бэлтгэлийг бүрэн хангасан байна.
Нэмэлт санхүүжилт болон иргэний хяналт: Иргэдэд үзүүлэх хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.