Хакүхо 11 дүгээр сарын башёд барилдахгүй

Хакүхо 11 дүгээр сарын башёд барилдахгүй

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо энэ сарын тэмцээнд гэмтлийн улмаас барилдахгүй болжээ. Миягино дэвжээнээс Сүмо бөхийн холбоонд “Ёкозүна Хакүхо баруун өвдөгний мэс засал, мэс заслын дараах цус багадалт гэсэн оноштойгоор 14 хоногийн эмчилгээ шаардлагатай боллоо” гэсэн акт гаргаж өгсөн байна.

Их аварга анх удаагаа гурван башё дараалан тэмцээнд зодоглосонгүй. Ёкозүна Какүрюү ч 11 дүгээр сарын тэмцээнд барилдахгүй тул хоёр тэмцээн дараалан аваргууд гэмтлээр зодоглохгүй болж байгаа юм. Энэ нь 1949 оноос хойш анх удаа тохиолдож байгаа гэнэ.   

Хакүхо долоодугаар сарын тэмцээнд баруун өвдгөө гэмтээж, наймдугаар сард хагалгаанд орсон. Намрын тэмцээнийг өнжөөд 10 дугаар сараас бэлтгэлдээ гарсан ч бэртэл бүрэн эдгэсэнгүй.

Сүмогийн холбооны шүүлт хариуцсан ояката Исэгахама “Аваргууд зодоглохгүй нь тун харамсалтай. Гэхдээ гэмтэлтэй байгаа учир ямар ч арга алга. Тэд өөрсдөө хүслээрээ тэмцээнд зодоглоогүй хэрэг биш. Нэгдүгээр сарын тэмцээнд эрүүл энх барилдахад болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.