Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 50 сая давлаа

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 50 сая давлаа

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 50 сая давж, халдварын нийт тохиолдлын дөрөвний нэг нь сүүлийн 30 хоногт бүртгэгджээ.

Энэ оны 10 дугаар сард халдвар хамгийн их тархсан байна. Тодруулбал, АНУ өдөрт халдварын 100 мянгаас дээш тохиолдол бүртгэгдсэн анхны улс болж, Европын орнуудын халдвар авсан хүний тоо огцом нэмэгдлээ.

Мөн сүүлийн долоо хоногт халдварын шинэ тохиолдлын тоо өдөрт дунджаар 540 мянга гаруйгаар нэмэгдсэн байна. “COVID-19” халдварын улмаас өнөөдрийн байдлаар 1.25 сая гаруй хүн нас баржээ.

Цар тахал сүүлийн саруудад улам хурдацтай тархах болсон бөгөөд халдварын тохиолдлын тоо 30-аас 40 саяд хүрэхэд 32 хоногийн хугацаа зарцуулсан бол түүнээс хойш 21-хэн хоногийн дараа ийнхүү 10 саяар нэмэгджээ.

Европт халдварын тохиолдлын тоо 12 сая орчимд хүрснээр халдварт хамгийн их нэрвэгдсэн Латин Америкийн өмнө бичигдэх болжээ. Европт халдвараар нас барсан хүний тоо дэлхий даяар бүртгэгдсэн нийт ижил тохиолдлын 24 хувьтай тэнцэж байна.

“Reuters” агентлагийн тооцооллоор, Европт халдварын тохиолдлын тоо гурван өдөр тутам сая орчмоор нэмэгдэж байгаа нь дэлхийн хэмжээнд бүртгэгдэж буй тохиолдлын 51 хувьтай тэнцэх үзүүлэлт ажээ.

Мөн Францад сүүлийн долоо хоногт халдварын тохиолдлын тоо өдөрт дунджаар 54 мянга гаруйгаар нэмэгдсэн нь тус улсаас хавьгүй олон хүн амтай Энэтхэгийнхээс өндөр байна.

“COVID-19” халдварын хоёр дахь давлагаа Европын эрүүл мэндийн тогтолцооны хувьд шалгуур болж байгаа бөгөөд Герман, Франц, Их Британийн эрх баригчид гэрээсээ гарахгүй байхыг олон оршин суугчдаа дахин үүрэг болгоод байна.

Мөн Дани хойд нутгийнхаа оршин суугчдыг хамарсан шинэ хөл хорио тогтоож, коронавирусний мутаци амьтнаас хүнд халдсан тохиолдол илэрсэнтэй холбогдуулан 17 сая усны булгыг устгалд оруулахаар болжээ.

Түүнчлэн дэлхий даяар бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын 20 орчим хувь нь бүртгэгдээд буй АНУ-д сүүлийн долоо хоногт халдварын тохиолдлын тоо дунджаар 100 мянга гаруйгаар нэмэгджээ. Америкт бямба гарагт халдварын 130 мянга гаруй тохиолдол илэрсэн байна.

Азийн орнуудын хувьд халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд хоёрдугаарт жагсаж буй Энэтхэгт есдүгээр сараас хойш халдварын тохиолдлын тоо буурч байна. Энэтхэгт халдвар авсан хүний тоо баасан гарагт 8.5 сая давжээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.