НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчтэй уулзлаа

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчтэй уулзлаа

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Каори Ишикаваг өчигдөр буюу энэ сарын 10-нд хүлээн авч уулзаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "УИХ, Засгийн газар эрүүл мэндийн салбарт реформ хийхээр ажилдаа ороод байна. Үүний тод жишээ энэ салбарын томоохон хуулиудыг шинэчлэх ажил идэвхжиж, өнгөрсөн оны болон энэ оны төсөв дээр эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмсэн нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлыг анхаарч байгааг илтгэж байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын хувьд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажилд  манлайлах болно" хэмээлээ. Мөн НББХ "COVID-19" цар тахлын үед иргэдээ ажилтай орлоготой байлгахад онцгой анхаарч Засгийн газартай нягт холбоотой ажиллаж байгааг онцлоод цаашид нийгмийн бүхий л ажилд хамтран ажиллах хүсэлтээ уламжиллаа. 

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Каори Ишикавата эмэгтэйчүүд, залуучуудыг чадавхижуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил мэргэжил, сурч боловсрохыг дэмжихэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ сарын 25-наас ирэх сарын 5-нд болох Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг Олон улсын байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэгт байнгын хорооны даргыг оролцохыг хүслээ.

Талууд  гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийг бууруулах тухайд санал солилцож  цаашид хамтран ажиллахад бүрэн боломжтой гэдэг дээр санал нэгдэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.