Ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлого хөтөлбөрийг ажил хэрэг болгоно

Ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлого хөтөлбөрийг ажил хэрэг болгоно

БОАЖЯ-ны удирдлагын зөвлөл өчигдөр хуралдаж Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлыг хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, “БОАЖЯ хамгаална, зүй зохистой ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн бодлого барьж ажиллана. Хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцоход анхааръя. Агаар, хөрс, усны бохирдол, цэвэр усны хангамж, хариуцлагатай уул уурхай, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал байгаа”-г онцлов.

Түүнчлэн салбарын сайд хийх ажлын төлөвлөгөө гаргасан, одоо цаг алдалгүй шуурхай, бүтээмжтэй ажиллахыг газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг болголоо.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 21 ажил тусгажээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах, Хөвсгөл нуурын экосистемийн бохирдолд эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг гаргах, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэх, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авах гэжээ.

Мөн уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 8 мянга га талбайг нөхөн сэргээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн жуулчдын тоог нэг саяд хүргэх, "Мянганы суут хүн"- Чингис хаан цогцолборын ажлыг дуусгах зэрэг ажил багтжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.