Тээврийн ажлын хэсгийн хуралдаан боллоо

Тээврийн ажлын хэсгийн хуралдаан боллоо

Монгол-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын тээврийн ажлын хэсгийн XIV хуралдаан Улаанбаатар хотноо 2020 оны 11 дүгээр сарын 03-10-нд амжилттай болов. Тээврийн ажлын хэсгийг Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Оросын талаас ОХУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Тээврийн орлогч сайд Д.С.Зверев нар удирдаж оролцлоо. Жил бүр зохион байгуулдаг уг хуралдаанаар өнгөрсөн жилийн зам, тээврийн салбарт хийж хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны ажлуудаа дүгнэж, ирэх жил хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөдөг юм.

Ирэх 12 дугаар сард цахим хэлбэрээр зохион байгуулах Монгол-Оросын Засгийн газрын хоорондын комиссын ээлжит хуралдааны өмнө болж буйгаараа энэ удаагийн ажлын хэсгийн хуралдаан онцлог байв.

Хуралдааны үеэр хоёр улсын төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тодорхой алхмуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов. 

Өнгөрсөн хугацаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагаа өргөжиж, ачаа тээвэрлэлтийн тоо хэмжээ тогтмол нэмэгдэн, 2019 онд 28,1 сая тоннд хүрсэн бөгөөд цаашид ч улам нэмэгдэх хандлагатай байгаа өнөө үед “УБТЗ” ХНН-ийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, их засвар хийх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлэв.

 ОХУ-ын төмөр замын Наушки өртөөний галт тэрэг хүлээн авах хүчин чадал хангалтгүйн улмаас хилийн төмөр замын хамтарсан зөвлөгөөний протоколд тусгасан тоо хэмжээнд хүрэхгүй байгаа. Иймд “Оросын төмөр замууд” НХН болон холбогдох байгууллагуудад уламжлан Наушки өртөөний хүчин чадлыг Монгол Улсын Сүхбаатар өртөөний хүчин чадалтай уялдуулан хөгжүүлэхээр тохиролцов. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдыг ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын  Тээврийн яам хооронд “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай хэлэлцээр”-ийг байгуулсан. Энэ хэлэлцээр нь Монгол Улсад хэрэгжиж буй Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Зүүнбаян-Ханги, мөн хэвтээ тэнхлэгийн Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан, Сайншанд-Хөөт-Бичигт, Сайншанд-Хөөт-Сүмбэр-Рашаант зэрэг зүүн бүсийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд төмөр замын нарийн мэргэжлийн таван мянган боловсон хүчин шаардагдах учир дээрх хэлэлцээр онцгой ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Авто тээврийн хувьд Монгол, Хятад, Орос гурван улсын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан 2019 оны 06 дугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо амжилттай зохион байгуулагдаж гурван улсын хоорондын автотээвэрлэлтийг амжилттай эхлүүлсэн юм. Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахалтай холбоотойгоор энэ жил гурван улсын хамтарсан хурлыг Улаанбаатар хотноо цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж хоёр талын агаарын харилцааг сэргээх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

 Эх сурвалж: ЗТХЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.