Т.Мөнхсайхан: Ойрын хавьтлын 24 иргэний шинжилгээний хариу 2 цагийн дараа гарна

Т.Мөнхсайхан: Ойрын хавьтлын 24 иргэний шинжилгээний хариу 2 цагийн дараа гарна

COVID-19 илэрсэн ачаа тээврийн жолооч болон түүний гэр бүлийн ойрын хавьтлын 24 хүнээс ХӨСҮТ-д PCR шинжилгээ авсан бөгөөд хоёр цагийн дараа эхний хариу гарна хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр мэдээлэв. 

Алтанбулаг боомтоор өнгөрсөн сарын 14-нд хил нэвтэрсэн ачаа тээврийн жолооч нь тухайн үед Сэлэнгэ аймагт PCR шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ. Мөн Энхсаран сувилалд  21 хоногийн хугацаанд тусгаарлалтад байх үед нь гурван удаагийн давтан шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна. Тусгаарлалтаас гарсных нь дараа тандан судлах зорилгоор дахин шинжилгээ авахад тухайн жолооч болон эхнэрээс нь коронавирусний халдвар илэрчээ. Тиймээс ХӨСҮТ-ийн Тандалтын алба болон ЭМЯ-ны холбогдох албаныхан тухайн иргэдтэй ойрын хавьталд байсан хүмүүсийг тандан судалж 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ дурдаад, дээрх 24 иргэний PCR шинжилгээ хоёр цагийн дараа гарна гэдгийг тэмдэглэв. 

Тэрбээр, "ЭМЯ-наас цар тахал дотоодод тархах эрсдэлийн тооцож бэлэн байдлаа хангасан. Тухайлбал, орны бэлэн байдал, нөөцийг хангасан. Ард иргэд маань халдвараас урьдчилан сэргийлж, үүргээ ухамсарлаж хамгийн үр дүнтэй арга буюу амны хаалтаа зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зай барихыг сануулж байна" хэмээв. 

Түүнчлэн нэн яаралтай биш тохиолдолд эмнэлгийг байгууллагыг зорилгүй, 119 дугаарт холбогдож зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөлөө.

Анхдагч болон хоёрдогч хавьтлын иргэдийн тоог удахгүй эцэслэн гаргахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгааг мэдээллийн үеэр тэмдэглэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.