Япон, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар коронавирусний цар тахал гэх мэт олон асуудлыг зохицуулах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцжээ. Токио хотод мягмар гарагт болсон талуудын уулзалт нэг цаг гаруйн турш үргэлжилсэн байна. Ван И Японд хоёр өдрийн айлчлал хийж байгаа юм.
М.Тошимицү хоёр талын тогтвортой харилцаа нь бүс нутаг, дэлхий дахины хамтын нийгэмлэгт туйлын ач холбогдолтой гэдгийг уулзалтын үеэр онцолжээ. Мөн Япон, БНХАУ нь хариуцлагатай томоохон орнуудын хувьд коронавирусний цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг зохицуулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж хэлсэн байна.
Японы Гадаад хэргийн сайдын үзэж буйгаар, ийм чиглэлд хүчин чармайлт гаргах нь хоёр талын харилцаа бэхжихэд хувь нэмэр оруулах ажээ. Мөн тэрбээр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улстай холбоотой асуудлуудын талаар илэн далангүй хэлэлцэхийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайдад уриалжээ.
Үүний хариуд Ван И, манай хоёр хөрш орон нь хамтын ажиллагааг урт хугацааны турш өрнүүлсээр ирсэн хэмээгээд, стратегийн харилцаа холбоог хэвээр хадгалах хэрэгтэй гэж хэлжээ. Мөн цар тахал дэгдсэн энэ үед талууд биечлэн уулзаж буйг ихээхэн ач холбогдолтой хэмээн онцлон хэлсэн байна.
БНХАУ, Япон цар тахалтай тэмцэх, олон талт үзлийг хамгаалах, шинэ эриний хэрэгцээ шаардлагад нийцсэн хоёр талын харилцааг хөгжүүлэх зэргээр олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй байгааг тэрбээр тэмдэглэжээ. Мөн бүс нутаг, дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг цогцлоох чиглэлд хоёр орон хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж нэмж хэлжээ.
Энэхүү уулзалтаар талууд хоёр орны хоорондын бизнес аяллыг энэ сарын сүүлээс сэргээхээр тохиролцсон бөгөөд бизнес эрхлэгчдэд 14 хоног тусгаарлагдах шаардлага тавихгүй ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.