Трамп өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр коронавирустай америкчуудыг нүүлгэн шилжүүлсэнд дургүйцэв

Трамп өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр коронавирустай америкчуудыг нүүлгэн шилжүүлсэнд дургүйцэв

АНУ-ын Төрийн департамент Японд карантинд ороод байгаа “Diamond Princess” хөлөг онгоцноос коронавирусийн халдвартай болон болон халдваргүй иргэдийг хамтад нь нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Төрийн департамент энэхүү шийдвэрээ Ерөнхийлөгчдөө танилцуулаагүй аж. Энэ нь Доналд Трампын уурыг хүргэсэн талаар “The Washington Post” сонин мэдээлэв.

Албаныхан Ерөнхийлөгчдөө коронавирусийн халдвар аваагүй иргэдээ “Diamond Princess” хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдэж, Трамп зөвшөөрөл өгсөн байжээ. Гэвч нүүлгэн шилжүүлэлтийн явцад 14 америк иргэн коронавирусийн халдвар авсан байсан нь тодорхой болсон аж. Төрийн департамент Доналд Трампын зөвшөөрөлгүйгээр тэднийг АНУ руу аваачих шийдвэр гаргасан байна. Ийм байдлаар АНУ-ын албан тушаалтнууд Засгийн газрынхаа Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмжийг ч үл тоомсорложээ. Тус төвөөс ийм нүүлгэн шилжүүлэлт нь коронавирусийн тархалтыг нэмэхэд хүргэнэ гэж анхааруулж байсан юм.

Цагаан ордны эх сурвалж мэдээлэхдээ “Ерөнхийлөгчид энэ талаар мэдээлээгүй нь том алдаа болсон” гэжээ.

АНУ Япон дахь “Diamond Princess” хөлөг онгоцноос иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа энэ сарын 17-нд дуусжээ. Тэднийг эх оронд нь аваачсаны дараа 14 хоног хорионд байлгах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.