БНСУ-аас ирсэн 6 оюутны шинжилгээ халдваргүй гарчээ

БНСУ-аас ирсэн 6 оюутны шинжилгээ халдваргүй гарчээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Корона вирусний халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 29 оронд тархаад байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Израйль улсад энэ өвчний анхны тохиолдол бүртгэгдэж, батлагдаад байна. 

Мөн Иранд байдал хүндэрч байгаа талаар ЭМЯ-наас хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ. 

"Өвчний голомт БНХАУ 31 мужийг хяналтадаа аваад байгаа боловч бусад улс оронд тархах эрсдэл өндөр хэвээр байгааг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна. Ялангуяа манай улсын иргэд хамгийн зорчдог, холбоотой байдаг Япон, Сингапур, БНСУ-д өвчний халдвар, тархалт өндөр хэвээр байна. БНСУ-д өвчлөл цаг, минутаар нэмэгдэж байна. Өчигдөр 156 тохиолдол байсан талаар мэдээлж байсан бол өнөөдрийн байдлаар 284 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. Тохиолдол тус улсын 4 хот, 6 мужид гарч бүртгэгдээд байна. Ялангуяа Тэгү хотод эрчтэй тархаж байна" гэв. 

Тэрээр, "БНСУ-д корона вирус эрчтэй тархаж буй нь сүмийн цуглаан, мөргөлөөс үүдэлтэй. Тэнд оролцож байсан нэг эмэгтэйгээс халдварласан бөгөөд улмаар тэр эмэгтэй "Ди нам" эмнэлэгт очиж үйлчүүлсэн. Тус эмнэлэгт ажиллаж буй эмч, сувилагч, үйлчлүүлж байсан хүмүүс, эргэн тойрон байсан иргэдэд халдвар тархсан байна. Энэ байдал нь нэг хүнээс маш олон хүнд тархдагийг харуулж байна" гэв"

Манай эрдэмтэн судлаачдын хийж буй тооцоо судалгаагаар нэг хүн халдвар авах юм бол цаашдаа таван хүнд нэг дор халдвар тарааж тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаанд буюу таван үе дамжихад тус бүр нэг хүн 384 хүнд халдвар тараах эрсдэлтэйг гаргаж ирснийг хэлж байв. ЭМЯ дээрх тооцоо судалгаанд мөн үндэслэн цаашид хийх ажлаа төлөвлөн авч хэрэгжүүлж байгаа гэв. Тэрээр шинэ коронавирусний тархалтын талаарх 24 цагийн, хамгийн сүүлийн үеийн мэдээллийг манай улсын ГХЯ болон ДЭМБ-аас авч танилцуулж байгаагаа хэллээ. 


Манай эрдэмтэн судлаачдын хийж буй тооцоо судалгаагаар нэг хүн халдвар авах юм бол цаашдаа таван хүнд нэг дор халдвар тарааж тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаанд буюу таван үе дамжихад тус бүр нэг хүн 384 хүнд халдвар тараах эрсдэлтэйг гаргаж иржээ.


"Манай улсын хувьд өчигдөр орой Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн Вьетнам улсад сурч байсан нэг оюутан, Токиогоос ирсэн өөр нэг оюутныг тусгаарлаж сорьц авсан. Шинжилгээний хариу маргааш гарна. Мөн БНСУ-ын Тэгү хотоос ирсэн 6 оюутныг ажиглалтад авсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцноос нэг оюутан, Токио-Улаанбаатарын онгоцноос мөн нэг иргэнийг хүлээн авч тусгаарласан. Маргааш тэдний шинжилгээний хариу гарна" гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Түүнээс гадна Гашуунсухайтад тусгаарласан 12 иргэний биеийн байдлыг ажиглаж байгаа. Тэдний ажиглалтын хугацаа маргааш дуусна. Бид шинжилгээний хариу сөрөг гарсан иргэддээ дахин шинжилгээ хийнэ. Өнөөдөр 3000 оношлуур хүлээн авна. ХӨСҮТ 50 ортой тасагт тусгаарлах иргэдээ хүлээн авч ажиллаж байна. ХӨСҮТ-д 8 хүний бүрэлдэхүүнтэй 4 баг ээлжлэн ажиллаж байна.

"Тэгү хотод албан тоогоор 400, албан бусаар 400 гаруй Mонголын иргэн байна гэдэг мэдээлэл бий. Бид иргэдийн судалгаагаа нягталж байгаа болохоор одоогоор эцсийн байдлаар хэчнээн иргэн байгааг тогтоохоор ажиллаж байна Тэгү хотод сурдаг оюутнууд энэ сарын 20-ноос эхлэн амарч байгаа. Бид өнөөдөр Сөүл-Улаанбаатарын онгоц буухаас өмнө тэдгээр иргэдэд ямар арга хэмжээ авахаа холбогдох байгууллагууд ярилцан шийдвэр гаргана”  гэлээ.

Манай улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буйг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдэгдлээ. ДЭМБ-аас хүн амын бөөгнөрлийг үүсгэж болохгүй. Иргэд гэр, гэртээ байх зөвлөмжийг өгч байгаа. Тиймээс цагаан сараар айл хэсэхгүй гэр гэртээ байхыг нийт иргэддээ уриалж байна гэв.

 Б.Болд

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.