Тайландад өдөрт коронавирусний халдварын 500 гаруй тохиолдол илэрсэн
Тайландад өдөрт коронавирусний халдварын 500 гаруй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Засгийн газар нийслэл Бангкок хотоос холгүй оршдог мужид зорчих хөдөлгөөний хязгаарлалт гэх мэт арга хэмжээнүүдийг тогтоохоор болжээ. Тайландад ням гарагт халдварын 576 тохиолдол шинээр илэрчээ. Үүнд Самут Сакхон мужийн далайн бүтээгдэхүүний захын ажилтнуудын дунд голомтлон тархсан халдварын тохиолдлууд бүртгэгдсэн бөгөөд тэдний дийлэнх нь цагаач иргэд байжээ.
Тайландын коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, мужийн засаг захиргаа хязгаарлалт тогтоох газруудыг тодорхойлсон бөгөөд захын үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгосон байна. Мөн Самут Сакхонд муж хоорондын зорчих хөдөлгөөн, дэлгүүрүүдийн хязгаарлалт, шөнийн цагаар тогтоосон хөл хориог нэгдүгээр сарын 3 хүртэл мөрдөх шаардлагатай болжээ.
Тайланд цар тахлын эхэн үед хилийн хяналтыг чангатгаж, зоогийн газруудад хязгаарлалт тогтоосноор халдварын тохиолдлыг 4300 гаруйд тогтоон барьж байсан юм. Тус улсад сүүлийн зургаан сар гаруйн хугацаанд бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын дийлэнх нь нисэх буудлын тусгаарлалтаас илэрсэн бөгөөд өдөрт халдварын 100-гаас цөөн тохиолдол бүртгэгдэж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.