Улс орнууд Их Британитай нислэгээ зогсоож эхэлжээ
Их Британид коронавирусний илүү халдвартай шинэ хувилбар илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор улс орнууд тус улстай зорчигч тээврийн харилцаагаа түр зогсоох арга хэмжээ авч эхэлжээ.
Нидерландын эрх баригчид нэгдүгээр сарын 1-нийг хүртэл Их Британиас нислэг хүлээж авахгүй байхаар шийджээ. Ням гаргийн өглөөнөөс хэрэгжүүлж эхэлсэн шийдвэрээ Нидерландын Засгийн газар вирусний шинэ төрлийг судалж байх зуур авч буй түр зуурын арга хэмжээ гэж мэдэгдсэн байна.
Бельги улс мөн Их Британитай залгаа хилээ хаасан тухай тус улсын RTBF телевиз мэдээлж байна. Бенилюксийн орнуудын жишээг мөн Итали улс дагажээ. Энэ шийдвэрийн талаар Гадаад хэргийн сайд Луижи Ди Майо мэдэгдсэн боловч хэзээ, хэдий хугацаагаар хориглох нь одоогоор тодорхойгүй байна.
Түүнчлэн Австри улс Их Британиас нислэг хүлээж авахгүй байхаар төлөвлөж байгаа тухай “Österreich” сонин тус улсын Эрүүл мэндийн яамны эх сурвалжаас иш татан мэдээлэв.. Үүнтэй адил арга хэмжээг ӨАБНУ авч магадгүй байна. Тус улсад саяхан “SARS-CoV-2” вирусний шинэ мутаци илэрсэн юм.
Ирланд ням гаргийн шөнө дундаас Их Британитай агаарын болон гаталга онгоцны тээврээ 48 цагийн хугацаатай зогсоосон байна. Францын эрх баригчид мөн Их Британитай 48 цагийн хугацаагаар хилээ хаахаар шийджээ. Энэ шийдвэр нь Нэгдсэн Вант Улсаас ирж буй бүх нислэг, усан болон төмөр замаар дамжин өнгөрөх бүх зорчигч болон ачааны тээвэрт хамаатай байна.
Герман улс мөн ням гаргийн шөнө дундаас эхлэн Их Британиас нислэг хүлээж авахгүй. 12 дугаар сарын 21-нээс нэгдүгээр сарын 1 хүртэл Их Британитай нислэгээ зогсоохоор болсныг Латвийн Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. Түүнчлэн Эстони улс 12 дугаар сарын 21-нээс нэгдүгээр сарын 1 хүртэл нислэгээ цуцалжээ.
Литва, Румын, Болгар, Чех, Швед улсууд Их Британитай хилээ хаах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд эцсийн шийдвэр даваа гарагт гарна.
Израилын эрх баригчид коронавирусний шинэ омог илэрсэн орнууд болох Их Британи, Дани, Өмнөд Африктай ням гаргаас эхлэн урьдчилсан байдлаар долоо орчим хоног нислэгээ зогсоохоор шийджээ.
Түүнчлэн Турк улс Их Британи, Дани, Нидерландтай агаарын харилцаагаа түр зогсоов. Гэхдээ хэдий хугацаагаар зогсох нь одоогоор тодорхойгүй байна. Швейцарын эрх баригчид орон нутгийн цагаар ням гарагт шөнийн 00:00 цагаас (Гринвичийн цагаар 23:00 цагаас) Их Британиас ирэх, мөн тус улс руу үйлдэх бүх нислэгийг зогсоожээ. Кувейт улс мөн Их Британитай агаарын харилцаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.
Европын Холбооны орнуудын эрх баригчид даваа гаргийн өглөө уулзаж, Их Британид коронавирусний шинэ хувилбар тархсантай холбогдуулан авах хамтарсан арга хэмжээг хэлэлцэхээр болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.