Энэ сард Франкфурт болон Японоос 507 иргэнийг татан авч, тусгаарлаад байгаа.
Нийслэлийн тусгаарлан ажиглах 17 байранд 1564, орон нутагт 16 байранд 153 иргэн, улсын хэмжээнд нийт 1717 хүн тусгаарлалтад байна.
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “ЭМЯ, мэргэжлийн байгууллага хамтраад тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч, онцгой байдлын байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж, бэлтгэлээ хангасан. Шадар сайдын тушаалаар, тусгаарлан ажиглах байранд мөрдөх журмын дагуу халдвар хамгааллын дэглэм сахих, сахилга, дэг журам, аюулгүй байдалтай холбоотой сургалт хийдэг. Тусгаарлан ажиглах байрны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, иргэдээс ирсэн санал гомдлыг тухай бүрт нь шийдэж байна" хэмээв.
Энэ сард Франкфурт болон Японоос 4 удаагийн нислэгээр Монгол Улсын 507 иргэнийг татан авч, тусгаарлаад байгаа.
ХӨСҮТ-д эмчлүүлээд гарсан хүмүүсийг ХУД-ийн 300 ортой шинэ эмнэлэгт тусгаарласны дараа гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Тэднийг олны дунд оруулахгүйгээр гэрт нь хүргэхэд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна. Тусгаарлалтад байгаа иргэдээс тээврийн зардлыг нь гаргуулж байгаа юм.
"Төмөр замын байгууллага тусгаарлагсан иргэдээ өөрсдийн зардлаар орон нутагт хүргэж байна. Мөн Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой комисс тусгаарлалтаас гарч байгаа иргэдээ татан авч байгаа нь дэмжлэг болж байгаа"-г Б.Ууганбаяр онцоллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.