PCR шинжилгээгээр 7 хүнд коронавирус илэрчээ.
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 25-нд нийт 14 227 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 7 хүнд коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдлын дөрөв нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн бол ХСҮТ-ийн хоёр ажилтан, тэдэнтэй ойр харилцсан нэг хүн коронавирусээр халдварлажээ. “Эмч, ажилчид халдварын эрсдэлтэй хүнтэй ажиллаж байсан учраас халдвар авсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна. ХСҮТ-д тандалт судалгааг явуулж, ойрын хавьтал 112 хавьтлыг тусгаарласан. Мөн дам хавьтал 500 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа. Урьдчилсан байдлаар 400 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй” гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотгов.
Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын тохиолдол 1082 болж бүртгэгдэж байна. Үүнээс 711 хүн эдгэрээд буй юм.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 362 хүн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.