Абэ Шинзо худал тайлбар хийсэндээ гүнээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн байна.

Абэ Шинзо худал тайлбар хийсэндээ гүнээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн байна.

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо баасан гарагт парламентын комиссын хуралдаанд үг хэллээ. Энэ үеэрээ сонгогчдыг худалдан авсан, сангийнхаа мөнгийг зүй бусаар ашигласан гэх дуулиантай холбогдуулан худал тайлбар хийсэндээ гүнээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн байна. Хэдий тийм боловч тэрбээр ийм зөрчлийн талаар мэдээгүй гэдгээ онцолсныг үндэсний телевизээр нь шууд дамжуулан үзүүлжээ.

Абэ Шинзо “Би худал мэдээлэл хийсэндээ гүнээ харамсаж, ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Би хэлсэн үгээ засаж, бодит байдалд нийцүүлэх болно. Энэ зөрчлийг гарсныг би мэдээгүй ч болсон бүх зүйлийг хариуцлагыг хүлээх болно” гэж мэдэгджээ.

Токиогийн прокурорын газрын тусгай мөрдөн шалгах бүлгээс экс Ерөнхий сайдыг хууль зөрчсөн асуудлаар хэрэг үүсгэхгүй гэж өмнө нь мэдэгдсэн. Гэхдээ энэ бүлэг Абэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хироюка Хаикаваг буруутгасан юм.

Түүнийг 2013-2019 онд Абэгийн дэмжигчдэд зориулан Токиогийн зочид буудалд хүлээн авалт зохион байгуулахдаа экс Ерөнхий сайдын сангаас ямар нэгэн баримт бүрдүүлэлгүйгээр 30 сая иен зарцуулсан гэжээ. Хэдийгээр дэмжигчид нь хоолныхоо тодорхой төлбөрийг төлсөн боловч мөнгө нь хүрэлцээгүй учир Нарийн бичгийн дарга сангаас нь зардал гаргасан байна.

Энэ үед Абэ Шинзо Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ийм зорилгоор сангаас мөнгө гаргаагүй гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм.

Ерөнхийдөө ийм төлбөр төлөх нь хууль зөрчсөн, сонгогчдыг худалдан авсан үйлдэлд тооцогддог байна. Хэрвээ энэ нь нотлогдвол 5 хүртэл жилээр хорих ял оноох, эсвэл 1 сая иений торгууль ногдуулдаг гэнэ. Тиймээс өчигдөр Абэ Шинзо хэвлэлийн хурал зохион байгуулж, тухайн үед буруу мэдээлэл өгч байсандаа уучлалт хүссэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.