Нигери улсад коронавирусний шинэ хувилбар гарсан байх магадлалтай

Нигери улсад коронавирусний шинэ хувилбар гарсан байх магадлалтай

Африкийн холбооны харьяа Африкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс Нигери улсад коронавирусний шинэ хувилбар гарсан байх магадлалтай талаар мэдээлжээ. Одоогоор шинэ хувилбарыг судлах ажил үргэлжилж байна.

“Энэ вирус Их Британи, ӨАБНУ-д илэрсэн мутацитай адилгүй. Гэхдээ генетикийн 2-3 дараалал дээр үндэслэн дүгнэсэн болохоор Нигерид судалгаагаа үргэлжлүүлэх шаардлагатай” гэж Африкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Жон Нкенгасонг мэдэгджээ.

“Ассошэйтед Пресс” агентлагийн мэдээлснээр коронавирусний энэ шинэ хувилбар Нигерийн Осун мужид наймдугаар сарын 3-наас 10 дугаар сарын 9-ний хооронд авсан хоёр өвчтөний шинжилгээнээс илэрсэн гэнэ. Одоогоор коронавирусний энэ төрөл Их Британид илэрсэн шиг хурдан тархдаг гэх нотолгоо олдоогүй байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Их Британид коронавирусний шинэ мутаци илэрсэн нь тодорхой болсон юм.

Их Британид асар хурдтай тархдаг, хүн амаас илүү их болгоомж шаардсан коронавирусний хувилбар илэрсэн талаар Британийн шинэ болон үүсэж буй амьсгалын замын вирусийн аюулын асуудал эрхэлсэн зөвлөлөөс өнгөрөгч бямба гарагт мэдэгдсэн. Хэдийгээр вирусийн энэ шинэ хувилбар халдварлах чадвараараа энгийн коронавирусээс 70 хувиар илүү ч үхэлд хүргэх, хүндрэх эрсдэл өндөр гэсэн нотолгоо алга байна гэж тухайн үед мэдээлж байсан юм. ӨАБНУ-ын ЭМЯ-наас ч коронавирусний мутаци илэрсэн гэж мэдээлсэн байна.

Тэгвэл коронавирусний шинэ омог Швейцарийн нутаг дэвсгэрт ч илэрчээ. Швейцарийн холбооны Эрүүл мэндийн газраас пүрэв гарагт мэдээлснээр Их Британид гарсан вирусний шинэ хувилбар хоёр ч шинжилгээнээс илэрсэн. Эдгээр хүмүүс нь Их Британид байнга оршин суудаг, Швейцарьт ирэх үед нь авсан шинжилгээгээр илэрсэн гэжээ. Тэднийг тусгаарласан байна.

Коронавирусний вакцин зохион бүтээж баталгаажуулсан “Пфайзер” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий захирал Альберт Бурла вакцин нь Их Британид илэрсэн коронавирусний шинэ омогт ч үйлчилнэ гэдгийг зарлалаа. Түүнчлэн тэрбээр коронавирусийг ялан дийлэх нь цаг хугацааны асуудал болсон. Хэвийн амьдралдаа эргэн орох хүртэл хүмүүс амны хаалтаа зүүх хэрэгтэй гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.