Хиагтад БНСУ-аас долоо, Японоос таван хүн ирснийг авчрахаар болжээ

Хиагтад БНСУ-аас долоо, Японоос таван хүн ирснийг авчрахаар болжээ

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Өнөөдрийн 12 цагаас хойших цаг үеийн мэдээг танилцуулъя. Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэг зовиур илрээгүй байна. 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 64 иргэд ажиглалтад байгаа талаар мэдээллэсэн. Эдгээр иргэдийг харъяаллаар нь авч үзвэл Улаанбаатар хотын харъяат 38, Сэлэнгэ аймгийн харъяат 11, Орхон аймгийн харъяат 6, Хэнтий аймгийн харъяат 3, Төв аймгийн харъяат 2, Дархан-Уул аймгийн харъяат 2 иргэн, эдгээр иргэдийг авчирсан Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төвийн 2 жолооч байна.
17 цагийн байдлаар ОХУ-ын Хиагтын районд Солонгос Улсаас ирсэн 7, Япон Улсаас ирсэн 5 нийт 12 Монгол Улсын иргэн байгаа тул хүлээн авахаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Бид тусгаарлагдсан иргэдийнхээ байрлах байрны орчин нөхцлийг аль болох боломжийн хэмжээнд байлгахаар ажиллаж байна. Тэгэхдээ зарим нэг иргэдийн хүсээд байгаа шиг орчин нөхцөлийг гаргах боломжгүй гэдгийг хэлье.
Өнөөдөр миний бие Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн ПУНКТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ПУНКТ-ийг “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал-Ус”, Мал эмнэлгийн газрын нийт 29 ажилтан 4 техник хэрэгсэлтэйгээр “Уураар мананцар үүсгэгч төхөөрөмж”-өөр тоноглон орох гарах хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Энэхүү "ПУНКТ"-ээр дамжуулан өндөр хэмийн зориулалтын халуун уураар тээврийн хэрэгслийг утах юм. Энэ нь тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнд ямар нэг хор нөлөөгүй гэдгийг тэмдэглэж хэлье. Ачаа тээврээр орж ирж болзошгүй нян бактерыг устгаж байгаа бидний урьдчилан сэргийлэх ажлуудын нэг.

Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд Хилийн мэргэжлийн хяналтын албаны 32, МХГ-ын 5 албан хаагч Алтанбулаг, Сүхбаатар боомт дээр, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн 64 эмч, сувилагч, жолооч, тусгаарлагдсан иргэдийг харгалзах зорилгоор Цагдаа, Онцгой байдлын байгууллагаас 5 цэгт 11 албан хаагч ажиллаж байна.
Иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор Цагдаагийн байгууллагаас 15 чиглэлд 24 албан хаагч, Онцгой байдлын байгууллагаас 9 албан хаагч, Эрүүл мэндийн байгууллагаас 8, МХГ-аас 1 албан хаагч, бусад төр төсвийн байгууллагын 21, нийт 62 албан хаагч, 15 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.
Хяналтын цэгээр Сүхбаатараас Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн чиглэлд гачигдлын зөвшөөрөлтэй 2 тээврийн хэрэгсэлтэй 3 иргэн, эмнэлгийн байгууллагын зөвшөөрөлтэй 7 тээврийн хэрэгсэлтэй 14 иргэн, албан томилолтоор 3 тээврийн хэрэгсэлтэй 10 албан тушаалтан зорчсон байна.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж ажил үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа нийт төрийн албан хаагчид та бүхэндээ баярлалаа гэдгээ энэ дашрамд хэлье" гэлээ. 

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.