Ө.Энхтүвшин: Хэрэв халдвартай хүн ороод ирвэл бидэнд туршлага байхгүй
“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу 2020.03.08-нд "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгуулж, "HD Mongol" телевизээр шууд дамжуулахаа зарлалаа.
"Хурд" хамтлаг нь олон улсад тархаад байгаа коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс улсын хэмжээнд онцгой дэглэм тогтоогоод байгааг хүндэтгэн ийнхүү онлайн тоглолт зохион байгуулахаар болсон бөгөөд тоглолтынхоо дундуур хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөхөө илэрхийлсэн юм.
Энэ мэдээг сонсоод Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин коронавирусийн эсрэг хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан юм.
Тэрбээр “БНСУ, Япон, Иран, Италиас ирж байгаа хүмүүсийг Замын–Үүд, Буянт-Ухаа, Алтанбулаг боомтоор л авч байна. Хэрэв халдвартай хүн ороод ирвэл бидэнд туршлага байхгүй. Тиймээс оруулж ирэхгүй байхад бүх анхаарлаа хандуулж байна. Монголынхоо онцлогийг бид бүгд мэднэ. Тиймээс оруулж ирэхгүй байя. Орж ирсэн нөхцөлд бэлэн байдлыг хангасан байя гэж ажиллаж байна. Та бүхнийг эх орноо хайрласан, эх орноороо бахархсан олон уран бүтээл туурвидгийг мэднэ. Урлагийнхнаа манлайлж байгаад баяртай байна. Та бүхний сайхан сэтгэлийн хандивын төгрөг тутам булаг болж ундрах болтугай” хэмээн үг хэллээ.
Мөн "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Бид Улсын онцгой комисст сэтгэлийн дэмжлэг үзүүлж онлайн тоглолт хийхээр шийдсэн. Монголчууд бид биеэ хайрлаж, хүндэлсэн цагт энэ айхтар өвчнийг даван гарч чадна. Тиймээс иргэд маань гэртээ суугаад хурд хамтлагийн шилдэг дууны тоглолтыг үзэх боломж олгож байгаа юм. Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тоглолт хийнэ. Бид онлайн тоглолтынхоо үеэр банканд хандивын данс нээж, ард түмнээ уриалан, хандив цуглуулж, Улсын онцгой комисст өргөн барина” гэлээ.
Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Ард түмний хандивыг юунд зарцуулснаа эргэн тайлагнах болно” хэмээн нэмж хэлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.