Шадар сайд Я.Содбаатар хариуцлага хүлээж, ажлаа өгөхөөр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр /2021.01.20/ хуралдлаа. Хуралдаанаар цар тахлын үед хариуцлага алдсан танхимынхаа зарим сайдыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр боллоо. Учир нь, өчигдөр /2021.01.19/ орой халдвар авсан нь батлагдсан дөнгөж төрсөн эхийг хүүгийнх нь хамт "Өргөө" амаржих газраас ХӨСҮТ-д аваачихдаа тухайн эмэгтэйг нимгэн халаат, углааштай тээвэрлэсэн бол дөнгөж төрсөн нярайг нимгэн өлгийтэй авч явсан байдаг.
Үүнд олон нийт бухимдлаа илэрхийлж, өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаалыг зохион байгуулж байна. Тэд Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар болон түүний багийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байгаа билээ.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарим сайд нартаа хариуцлага тооцож, Шадар сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр Я.Содбаатар Шадар сайдын албан тушаалыг зургаан сарын турш хашиж, эцэстээ хариуцлагаа хүлээж ажлаа өгч байна.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Стратегийн том алдаа гаргаагүй. Халдвараар нэг ч хүн нас бараагүй. Тун удахгүй вакцин орж ирж, вакцинжуулна. Нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна. Тиймээс Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор өгч байна. Хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна" гэлээ.
Түүнийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын тэргүүн Шадар сайдаараа долоодугаар сард томилсон байдаг. Тэрбээр өмнө нь Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдон ажиллаж байсан ч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт хариуцлага хүлээж, сайдын суудлаа хүлээлгэж өгсөн. Дараа нь Шадар сайдаар томилогдон ажиллаж байсан ч өнөөдөр ийнхүү хариуцлагаа хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгч байна.
Я.Содбаатарын НАМТАР
Боловсрол /Англи, орос хэлтэй/
1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдүгээр 10 жил
1997 онд Улаанбаатар их сургуулийг физикч-инженер
2004 онд Удирдлагын академи
Ажилласан байдал
1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
2005-2006 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх
2006-2008 онд Үйлдвэр, худалдааны дэд сайд
2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
2010-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга
2012-2016 онд УИХ-ын гишүүн
2016 он УИХ-ын гишүүн
2018 он Зам, тээврийн хөгжлийн сайд
2020 оноос Шадар сайд
Шагнал
2009 онд “Алтан гадас” одонгоор шагнуулсан.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.