Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Ерөнхий сайд У. Хүрэлсүх өнөөдөр /2021.01.20/ үдээс хойш шуурхай хурал зарласан. Хуралдаанд цар тахлын үед үүрэг хүлээж ажиллаж байгаа бүх шатны албан тушаалтнууд оролцжээ.

Өчигдөр төрөөд хэдхэн цаг болж байсан эмэгтэй коронавирусний  халдвар авсан нь батлагдсан тул ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Ингэхдээ түүнийг халад, углааштай гадагш авч гарсан нь олон нийтийн дургүйг хүргэсэн билээ. Хүн бүр сошиал хаягаараа дамжуулж дургүйцлээ илэрхийлж, албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж давалгаалсан бол энэхүү давалгаа нь өнөөдөр жагсаал болж хувирсан. Уг жагсаалд нүцгэн, халадтай оролцож буй иргэд цөөнгүй бий. Тэд УОК-ын гишүүдийг хариуцлага хүлээтэл энэхүү жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. 

Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх шуурхай хурал зарлаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулсны дараа тус намын Удирдах зөвлөл хуралдаж Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарыг томилохоор санал нэгдээд байсан ч тухайн шөнө уг нэр солигдож, маргааш нь Т.Мөнхсайхан сайдаар томилогдож байсан билээ. Тэрбээр долоодугаар сарын 8-ны өдөр томилогдоод зургаан сарын хугацаанд сайдаар ажиллав.   


Тогтмолын Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл дөрөв. 

2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй.  

Ажилласан байдал:

2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 

2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 

2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 

2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлэг:

Өөрийн орлого: 14 сая 437 мянган төгрөг /жилийн/

Гэр бүлийн нийт гишүүдийн орлого: 16 сая 109 мянган төгрөг

Орон сууц, барилга байгууламж: Нийт 4 тэрбум 447 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 3, авто зогсоол 1, Өвөлжөө, хаваржаа, хүлэмж 1

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.