БНСУ-д тав дахь хүн нас барж, ӨНДӨРЖҮҮЛСЭН бэлэн байдал зарлалаа
БНСУ-д Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа учраас Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр /2020.02.23/ улс орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.
Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар Сөүл болон бусад 17 хот, аймагт халдвар авсан өвчтөний тоо 600-д хүрч, тав дахь иргэн (58 настай, эмэгтэй) коронавирусын халдварын улмаас амиа алдсаныг мэдээллээ.
Дэгү хотод хамгийн их халдвар авсан иргэд байгаа бөгөөд өнөөдөр тус хотод дөрвөн настай хүүхэд халдварт өртсөнийг оношилсон байна.
Тус улсад өнгөрсөн шөнийн дотор 123 шинэ тохиолдол бүртгэгдэн, өнөөдрийн байдлаар нийт 6041 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байна.
БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол энэ сарын 19-нд бүртгэгдсэн юм.
Түүнчлэн Өмнөд Солонгосын Гуми хот дахь “Samsung” гар утасны үйлдвэрт коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн нь олон нийтийн санааг зовоож байна. “Samsung electronics” компани коронавирусийн халдвар илэрсэн үйлдвэрийг даваа гарагийн өглөө хүртэл хаажээ.
Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй монголчуудад хандан тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөмж, сэрэмжлүүлэг гаргасныг монголчууд анхааралтай мөрдөх хэрэгтэй байна.
Өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч, огих зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339, Цагаачлалын албаны 1345 тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг Монголын Элчин сайдын яамнаас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.