Дэгү, Бусан хотод сурдаг хоёр монгол оюутны хариу СӨРӨГ ГАРЧЭЭ

Дэгү, Бусан хотод сурдаг хоёр монгол оюутны хариу СӨРӨГ ГАРЧЭЭ

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ төрлийн коронавируст халдварын (COVID-19) цаг үеийн мэдээллийг шинэчлэн хүргэлээ.

Өнөөдрийн /2020.02.23/ байдлаар Монгол Улсын хэмжээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 134 хүнийг тусгаарлан хянаж байна. Эдгээрийн 104 нь Замын-Үүд боомтод байгаа бол өчигдөр Сөүл- Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 17 иргэнийг ОБЕГ-ын харьяа сургалтын эмнэлэгт, тус улсын Дэгү хотоос ирсэн хоёр хүүхэд, дөрвөн том хүнийг ХӨСҮТ-д тус тус тусгаарлан, хянаж байна.

Өчигдөр /2020.02.24/ БНСУ-ын Дэгү болон Бусан хотод сурдаг монгол оюутнууд коронавирусын халдвар тээсэн байж магадгүй гэсэн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэн, шинжилгээ өгсөн байна. Өнөөдөр хоёр оюутны шинжилгээний хариу гарч, хоёулынгийнх нь хариу сөрөг гарч, халдвар аваагүй болох нь тогтоогджээ.

Дэлхийн хэмжээнд коронавируст халдвар дэлхийн улс орнуудад нэмэгдсээр байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Коронавирусын халдварыг хязгаарлах арга хумигдаж байна” гэсэн анхааруулгыг өгч байгааг анхааруулъя.

Өнөөдөр гэхэд Бахраин, Афганистан улсад анхны тохиолдол бүртгэгдсэн бол Кувейт улсад нэг дор гурван тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээр тохиолдлуудын эх үүсвэр буюу тархвар судлалын холбоос, хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй байгаа нь ноцтой юм.

Иранд өнөөдөр өглөөний байдлаар шинэ төрлийн вирусээр халдварласан 33 тохиолдол бүртгэгдээд байсан бол 18:40 цагийн байдлаар 28-аар нэмэгдэж, 61 болжээ. Нас баралт долоон тохиолдлоор нэмэгдсэн байна.

Италид өглөө 76 тохиолдол байсан бол одоо 133 болж нэмэгджээ.

Түүнчлэн БНСУ-д халдвар авсан хүний тоо өнөөдөр өглөө 763 байсан бол 833 болж нэмэгдээд байна. Дэгү хот өвчлөлийн голомт хэвээр байгаа бөгөөд тус улсад одоо 11 мянган хүн шинжилгээний хариу хүлээж байгаа ажээ.

ЭМЯ-наас ойрын өдрүүдэд БНСУ-аас ирсэн иргэдийг эрүүл мэндийн байгууллагад хандах юм уу, өөрийгөө тодорхой хугацаанд тусгаарлахыг анхаарууллаа..

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.