Жилийн дөрвөн улирлын турш тасалгааны агаарыг цэвэршүүлэгч ургамал
Өвлийн улиралд утаа нэмэгдэхтэй холбоотой иргэд маань агаар шүүгч авах нь ихэсдэг. Тэгвэл агаар шүүгчийн дундаж ханш 400 орчим мянган төгрөг байдаг. Харин танд хэд дахин хямд, эрүүл аргаар жилийн дөрвөн улиралд гэрийнхээ агаарыг цэвэршүүлэх боломж байна. НАСА-гийн “Цэвэр агаар судлал” судалгаагаар тасалгааны ургамал нь хүчилтөрөгч ялгаруулахаас гадна, гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл, хивс болон барилга байшингаас ялгардаг химийн хорт бодисуудыг өөртөө шингээн, агаарыг шүүж цэвэршүүлэх замаар гэрийн уур амьсгалыг сайжруулдаг нь батлагджээ. Эдгээрээс хамгийн сайн агаар цэвэрлэдэг тасалгааны ургамлуудыг танилцуулья.
Нөмөргөнө (Spathiphyllum): Хамгийн сайн агаар цэвэршүүлдэг. Гэхдээ ургамлын зарим хэсэг хүүхдэд бага зэргийн хортой тул бага насны хүүхдээс хол тавих хэрэгтэй. Тус цэцэг нь айл гэрийн амьдралд амгалан тайван байдал, мөн эмэгтэй хүнд аз жаргал авчирдаг гэж үздэг.
Мөнхрөө (Sansevieria): Өрөөний агаар сайн цэвэрлэхээс гадна, толгой өвдөх, цусны даралт ихсэх үед сайнаар нөлөөлдөг.
Удамбор (Ficus elastica): Том өргөн навч нь, ханын будаг болон шалнаас ялгарах химийн бодис, үнэрийг өөртөө шингээдэг. Мөн энэхүү ургамал 2 м шахуу өндөр болдог тул шалан дээр байршуулахад илүү үр дүнтэй.
Луу мод (Dracaena marginata): Энэхүү цэцгийн нэг навч нь судалгаагаар 24 цагт 7 см2 гаруй талбай дахь агаарыг цэвэршүүлдэг нь тогтоогджээ. Гэрэл багатай, өрөөний буланд тавихад тохиромжтой.
Ногоодой (Chlorophytum comosum): 2 өдрийн дотор тасалгааны агаар дахь хорт бодисын 90%-ийг цэвэрлэдэг. Улмаар ногоодой цэцэгтэй орчинд хүмүүс толгой өвдөх, тархи манарах зэрэг таагүй үзэгдлүүдийг мартах болно. Мөн дөнгөж төрсөн хүүхдүүдийн цээж хэржигнэж байхыг та сонсож байсан байх. Тэгвэл ногоодой цэцэг үүнд ч мөн сайн тустай.
Зуун наст (Aloe Vera): Агаарыг цэвэрлэж зогсохгүй гэрийг хангалттай хүчилтөрөгчөөр хангадаг. Эмэгтэй хүн гоо сайханд маш сайн нөлөөтэй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.