УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Умайн хүзүү нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн бөгөөд энд эс хуваагдан төлжих замаар биемахбодод шаардлагатай шинэ эс бий болж байдаг. Өөрөөр хэлбэл хөгширчихсөн эсийн оронд дахин шинэ эс нөхөгдөн төлжиж байдаг тасралтгүй үйл явц юм. Ийнхүү эсийн нөхөн төлжих явцад олон янзын шалтгаанаар эсийн хувирал өөрчлөлт үүсч умайн хүзүүний хавдар бий болох эрсдэлд ордог. Энэ нь эмэгтэйчүүдийн өвчний хорт хавдар дотор нэгдүгээр байрт орж байна.

Хавдар үүсэхэд нөлөөлдөг шалтгаануудад:

  • Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох
  • Хорт зуршил
  • Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
  • Ариун цэвэр сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх...гэх мэт

Умайн хүзүүний хорт хавдар гэдгийг энгийн үгээр тайлбарлавал, савны амсар хэсгийн хавдар юм. Энэхүү өвчнийг эрт үед нь илрүүлэх зорилгоор умайн хүзүүнээс гуужсан эсийг авч шинжилж харахыг эсийн шинжилгээ гэх ба энэ шинжилгээгээр хавдар болон хавдрын урьтал өвчнүүдийг оношлох боломжтой.

Хавдрын урьтал өвчинд: жинхэнэ болон хуурамч шархлаа, улайлт, цагаарал, ургацаг гэх мэт эсийн өөрчлөлтөт эмгэг багтана.

Эдгээр өвчнүүдийг эрт оношлон эмчлэхгүй бол улмаар хавдрын эсэд шилждэг. Эмч хүний нүдээр болон ЭХО-оор оношлох боломжгүй эсийн өөрчлөлтийг илрүүлнэ гэсэн үг юм. Эсийн өөрчлөлт өгсөн суурь өвчин байгаа үед 3-5, 10 жилийн дараа хорт хавдар үүсдэг. Ихэнх хүмүүс хүндэрсэн буюу хавдрын гурав, дөрөвдүгээр шатандаа орсон үедээ эмчид ханддаг. Иймээс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор умайн хүзүүний эсийн шинжилгээг эмэгтэй хүн бүр жилд 1 удаа хийлгэж байх хэрэгтэй ба уг шинжилгээ нь хийлгэхэд хялбар бөгөөд умайн хүзүүний хавдрыг эрт оношлох боломжтой юм.

ЭСИЙН ШИНЖИЛГЭЭГ ЯАЖ АДАГ ВЭ?

Энэ нь умайн хүзүүний сувгаас тусгай зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг арга.

Маш энгийн ажиллавар, эмэгтэйд ямар нэгэн таагүй мэдрэмж төрдөггүй. Шинжилгээний наалдацыг шпатель гэж нэрлэгддэг тусгай багажаар авдаг. Энэ багаж нь умайн хүзүүний хэлбэрийг дуурайсан муруй гадаргуутай. Наалдацыг авахдаа дарж эсийн давхаргуудыг хусч авдаг. Яагаад хусдаг вэ гэхээр хорт хавдар үүсэх үйл явц нь умайн хүзүүний хучуурын хамгийн доод давхаргаас эхлэн лавшрахын хэрээр дээш, гадаргуу руугаа тархдаг. Иймээс наалдацанд зөвхөн дээд давхарга орсон бол эхний шатандаа явж байгаа эмгэгийг тодорхойлох боломжгүй болно.Шинжилгээний үр дүн нь эс судлаачийн дадал ба шинжилгээний материалыг зөв авсан эсэхээс хамаарна. Шинжилгээний хариу хэвийн, хэвийн бус гэж гарна. Хэвийн бус хэв шинжтэй эсүүд гэдэг нь хэлбэр, хэмжээ, цөмийн бүтэц зэрэгт нь өөрчлөлт орсон эсүүд юм. Эдгээр өөрчлөлт нь хорт хавдар үүсэх үйл явцын нөлөөгөөр, эсвэл үрэвслээс үүдэн гарсан байж болно. Тиймээс хэвийн бус гарсан ямар ч тохиолдолд үрэвслийн эсрэг эмчилгээ хийх бөгөөд дээр нь нэмж эдийн шинжилгээ хийнэ.

 

Эсийн шинжилгээг хэн өгөх вэ?

  • 18 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон охид
  • Бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүд
  • Цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд
  • Эдгээр насны эмэгтэйчүүд эсийн шинжилгээг жилд нэг удаа өгч байснаар умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх цаашлаад эрт үед нь илрүүлэн эмчлэх бүрэн боломжтой.

 

Шинжилгээ өгөхөд юуг анхаарах хэрэгтэй вэ?

  • Сарын тэмдэг ирж байх үед аль болох тест өгөхгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн угаалгын шингэн, лаа зэргийг хэрэглээгүй байх.

Цууны хүчлийн арга гэж юу вэ?

Умайн хүзүүнд 3-5%-ийн цууны хүчил түрхэн умайн хүзүү болон умайн хүзүүний сувагт гарч байгаа өөрчлөлтийг энгийн нүдээр харж илрүүлэх арга юм.

ЭДИЙН ШИНЖИЛГЭЭ БУЮУ БИОПСИ ГЭЖ ЮУ ВЭ?

Эдийн шинжилгээ буюу гистологийн шинжилгээ хийхээр хэсэг эд авахыг биопси гэдэг. Өөрөөр хэлбэл эсийн шинжилгээтэй адил ч наалдацаар авсан эсүүдийг бус харин сэжиг бүхий хэсгээс авсан нэг хэсэг эдийн бүтцийг шинжилдэг. 

Умайн хүзүүний шархтай (улайлттай) үед эдийн шинжилгээ авахын тулд дараах зүйлсийг зайлшгүй анхаарах хэрэгтэй.

  • Эдийн шинжилгээг сарын тэмдгийн мөчлөг эхлэхэд /мөчлөг эхэлснээс 5-7 дахь хоногт/ сарын юм ирэхээ зогссоны дараа авдаг. 
  • Ажиллавар нь богино хугацаанд хийгддэг, ямар нэг зовууригүй. Учир нь умайн хүзүү өөрөө өвдөлт мэдэрдэггүй дүлий эрхтэн юм. 
  • Гол нь өвчтөн биеэ суллаж эмчдээ туслах хэрэгтэй. Эд авсан газраас цус шүүрч болно. Ийм үед эмч тэр цэгийг түлээд, тампоноор дарна. 
  • Биопси авснаас хойш долоо хоногийн хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байх, хүнд юм өргөхгүй байх, угаахгүй байх зэргээр гам сахина. Ийнхүү эдийн шинжилгээгээр эцсийн оношийг тавина. 

Умайн хүзүүний хавдрын эрт үед доорх шинжүүд илрэх тул эмчид яаралтай хандаарай.

  • Бэлгийн харьцааны дараа үтрээнээс цус гарах
  • Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
  • Үтрээнээс сарын тэмдэг ирээгүй үед цус алдах

Эмэгтэй, Та эмэгтэйчүүдийн эмчид хандаж, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд жил тутамд хамрагдсанаараа умайн хүзүүний хорт хавдраас өөрийгөө 100% сэргийлж чадна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.