Франц Бразилаас ирэх, очих бүх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэлээ

Франц Бразилаас ирэх, очих бүх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэлээ

Бразилд анх илэрсэн коронавирусний шинэ хувилбарын тархалтыг хязгаарлахын тулд тус улсаас ирэх, очих бүх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэлээ гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс мягмар гарагт мэдэгджээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Бразилд илэрсэн “P1” хувилбар нь илүү аюултай бөгөөд тус улсад гуравдугаар сараас эхлэн халдвараар нас барсан тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсонд голлох нөлөө үзүүлсэн байна.

“Бид нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд Бразил, Францын хооронд үйлдэх бүх нислэгийг дахин шийдвэр гарах хүртэл түр зогсоохоор шийдвэрлэлээ” гэж Ж.Кастекс мэдэгдсэн байна.

Хэдийгээр Бразилаас Францад ирж буй хүмүүсээс коронавирусний шинжилгээний хариу шаардаж, ирснийх нь дараа дахин шинжилгээ авч, 10 хоног тусгаарлаж байгаа боловч эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд нислэгүүдийг зогсоохыг Засгийн газарт уриалжээ.

"Улсын хэмжээнд бүртгэгдсэн “COVID-19”-ийн тохиолдлуудын зургаа орчим хувийг Бразил, Өмнөд Африкт илэрсэн, илүү хурдан хувилбар эзэлж байна" гэж Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран сарын өмнө мэдээлж байв.

Францад цар тахал дэгдсэнээс хойш 5.1 сая хүн коронавирусээр халдварласан нь Европын орнууд дундаа хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус улсад халдварын улмаас 99 мянга гаруй хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.