“Нөөцийн махыг банкны картаар худалдахгүй” гэсэн зөрчил гаргажээ

“Нөөцийн махыг банкны картаар худалдахгүй” гэсэн зөрчил гаргажээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

Тус чиг үүргийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүрэгт нөөцийн мах борлуулж буй дэлгүүрүүдэд нөөцийн махны борлуулалт хэрхэн явагдаж байгаад хяналт шалгалт хийлээ.

Нөөцийн мах худалдан борлуулж байгаа дэлгүүрүүд нь махны үнийг Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар худалдан борлуулж, нөөцийн махны үнийн талаарх мэдээллийг дэлгүүрийн гадна ил тод байршуулж хэрэглэгчдэд үйлчилж байна.

Харин Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах “Шинэ хүнс” хүнсний дэлгүүрт “Нөөцийн махыг банкны картаар худалдахгүй” гэсэн бичиг байрлуулсан зөрчлийг газар дээр нь арилгуулж, хэрэглэгчдэд нөөцийн махны худалдан авалт хийхэд нь хүндрэл учруулахгүй байх талаар шаардлага өглөө.

Эх сурвалж: ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР, УТАС: 115

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.