Ө.Энхтүвшин: Дэлхийн хаана ч байсан Монгол иргэнээ бид анхаарах болно

Ө.Энхтүвшин: Дэлхийн хаана ч байсан Монгол иргэнээ бид анхаарах болно

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны гуравдугаар сарын 12-ны 6 дугаар тушаалаар Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй болон ДЭМБ-аас “Дэлхийн хэмжээнд цар тахал эхэллээ” гэж зарласантай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр /2020.03.13/ албан ёсоор байгууллаа.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шуурхай штабын үйл ажиллагаатай танилцах үеэрээ хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, үүрэг чиглэл өглөө.

Эхний ээлжинд БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг эх орондоо авч ирэхээр болсонтой холбогдуулан Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас дагаж мөрдөх зөвлөмж, мэдээллийг гаргаад байгаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор “Гадаад улс орнуудад байгаа Монгол Улсын иргэдийн хувьд байдал амаргүй байна. Тиймээс дэлхийн хаана ч байсан бид Монгол Улсын иргэнээ анхаарах болно. Эхний ээлжинд БНСУ, Япон болон Европын орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдэд тухайн улсдаа коронавируст халдварын шинжилгээнд заавал орсон байх шаардлага биднээс үл хамаарах шалтгаанаар бүтэхээргүй боллоо. Хэрэв бүгдийг шинжилгээнд оруулна гэвэл цаг хугацаа их алдахаар байна. Ийм учраас аль аль талдаа хүндрэл учруулахгүйгээр иргэдээ хүлээн авах нь зүйтэй” гэдэг үүрэг чиглэлийг өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.