Бразилын уурхайгаас зэс гаргадаг нян олджээ

Бразилын уурхайгаас зэс гаргадаг нян олджээ

Бразилын Пара мужийн зэсийн нэгэн уурхайгаас биологичид ер бусын бактерийн төрөл зүйл олжээ. Тэдгээр нь зэсийн байвангаар хооллож, цэвэр зэс гаргадаг гэнэ. Энэхүү нээлтийн ачаар үйлдвэрлэгчид хүдрээс зэс гаргаж авах хорт технологиос ангижрах боломжтой гэж эрдэмтэд “Science Advances” шинжлэх ухааны сэтгүүлд зориулсан нийтлэлдээ бичжээ.

“Бидний нээсэн нянгууд нь хүний оролцоогүйгээр зэсийн байванг цэвэр металл болгон хувиргаж чаддаг. Эдгээр нянгийн ачаар үйлдвэрлэгчид зэсийн үйлдвэрлэлд хортой бодисоос татгалзах боломжтой” гэж судлаачид бичсэн байна.

"Bacillus" төрөлд хамаарах ер бусын бактерийг Хьюстоны их сургуулийн доцент Дебора Родригесоор ахлуулсан биологичид Бразилын зэсийн уурхайн микробуудыг судлах үеэрээ олж илрүүлжээ. Энэ бактери нь зэсийн давсаар баялаг хүчиллэг орчинд амьдардаг байна.

Родригес ба түүний багийнхан эдгээр бичил биетийг лабораторид үржүүлж, зэсийн сульфатын уусмалыг тэдний тэжээлийн орчинд нэмэхэд юу өөрчлөгдөхийг сонирхжээ.

Дараагийн хоёр өдөр савнаас хүхрийн хүчил ба зэсийн давс ул мөргүй алга болж, ёроолд нь нанометрийн диаметртэй эгэл хэсгүүдийн тунадас хуримтлагдсан байв. Эдгээр эгэл хэсэг нь цэвэр зэсээс бүрдсэн байсан бөгөөд бактериуд тэдгээрийг химийн урвалаар үл задрах бодисын эгэл хэсэг буюу атом хэлбэрээр ялгаруулсан байжээ

Энэ нь эрдэмтдийг гайхшруулжээ. Аж үйлдвэрт зэсийг гарган авахад хортой уусгагч бодис, катализатор ашиглах шаардлагатай байдаг тул зэсийн үйлдвэрлэл нь байгаль орчныг хамгийн их бохирдуулдаг аж. Харин бактериуд нь ердөө 14 ферментийн тусламжтайгаар зэс гаргажээ.

Бразилын нянгийн энэ онцлогийг байгаль орчныг нөхөн сэргээхэд ч уул уурхай, биохимийн салбарт ч ашиглаж болох гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.