УИХ-ын сонгууль хойшлох уу!

УИХ-ын сонгууль хойшлох уу!
Ийм яриа улс төрийн орчинд үүсээд цөөнгүй хоног өнгөрлөө. Ялангуяа коронавирусээр өвчилсөн Франц улсын нэг иргэн манайд ирсэнээс хойш улам эрчээ аваад байгаа. Тухайн өвчтөнтэй уулзсан, таарсан хүмүүсийн шинжилгээний хариу халдваргүй гарч байгаа ч, урд хөршид өвчлөлийн байдал дарагдах шинжиндээ орсон ч дэлхий даяар арай өөр дүр зураг харагдаж байна. Сар гаруйн өмнө бол коронавирус зөвхөн Хятадын зовлон шиг байлаа. Бараг л урд хилээ хаагаад болчих мэт санагдаж байв. Тэгвэл өнөөдөр өвчин хаанаас ч ирж болох нөхцөл үүсээд байгаа юм. “Ковид-19” халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 151 оронд тархаж, 156 мянган хүнд халдварлажээ. Манайд гэхэд л Францаас орж ирж байна. Дөнгөж өнгөрсөн баасан гарагт Германаас ирсэн зорчигчдоос анхны хоёр тохиолдол нь бүртгэгдэж байсан Казахстан улсад халдвар тээгчийн тоо зургаа болчихсон мэдээ бий.

Өчигдөр Баян-Өлгий аймагт нэг хүн халуурсантай холбоотойгоор тус аймгийн Засаг дарга аймгаас гарах хөдөлгөөнийг хаасан байна. Холбоод сэжиглээд байвал орчлонгийн явдал дуусах биш. Хойд хөршид цөөн тохиолдол байснаа сүүлийн өдрүүдэд нэмэгдээд халдвартай хүний тоо 59 болжээ. АНУ онц байдал зарлаж, Европын орнууд бужигнаад эхлэв. Зүүн өмнөд Азийн орнуудад идэвхжих шинжтэй болов. Манай 48 мянга гаруй иргэн оршин суудаг БНСУ-д байдал намжих төлөв анзаарагдахгүй байгаа юм.

Харин манай УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. Энэ үлдсэн гурван сарын хугацаанд хөл хориог зөөллөж, олон нийтийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх үү. Хоёр сарын дараа сонгуулийн кампанит ажлууд явагдаж эхэлнэ. Гурван мандаттай нэг тойрогт арван хүн дэвшлээ гэхэд тийм тоогоор айл бүрийн хаалганд ядаж нэг удаа ухуулагч очно гэсэн үг. Сонгууль бол цагаан сараас илүү хөл хөдөлгөөнтэй, олон нийтийг хамарсан уулзалт цуглаантай ажил. Сонгуулийн ажил хоёр сарын дараа эхлэх хол байгаа мэт санагдаж болох юм. Тэгвэл сар гаруйн дараа нэр дэвшигчид тодрох ёстой. Энэ сарын 25 дотор намууд мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Түүнийхээ хурлыг АН-аас эхлээд онлайнаар хийж эхэлж байгаа. Гэхдээ нэр дэвшигчдийг тодруулах хурлыг бол онлайнаар хийхэд олон эсэргүүцэл гарна даа. Тийм ч болохоор сонгуулийг хойшлуулах тухай яриа гараад байгаа хэрэг.

Хуулийн хувьд бас боломжтой зүйл. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.4-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэсэн заалт бий. Харин Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлээр онц байдал зарлаж болох хоёр тохиолдлуудыг зохицуулсан байдаг. Тодруулбал, 25.2.1-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон”, 25.2.2-т “Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон” гэж бий. Мөн 25.3-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно” гэж зохицуулжээ. Тэгэхээр 25.2.1-т заасан “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” гэдэг үндэслэлээр онц байдал зарласан тохиолдолд сонгууль хойшлох нь дамжиггүй. Монголчуудын маань заяа түшиж аюулт өвчин тойрч байна. Тэглээ гээд сонгууль хийтлээ тайвширч болох уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.