Осолд орсон машины импортыг дөрөвдүгээр сарын 1-нээс хязгаарлахаар болжээ
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад импортоор орж ирж буй тээврийн хэрэгслүүдэд эвдрэлтэй, осолд орсон суудлын автомашины эзлэх хувь өсөж, тэдгээр эвдрэл, гэмтэлтэй тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсний дараа борлуулах явдал ихэссэн. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайдын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тус журмын өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Япон улсын Авто үнэлгээ, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ нь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд Япон Улсаас импортоор орж ирж буй авто машинд техникийн хяналтын үзлэг хийсний дараа Монгол Улсад экспортлох юм. Ингэснээр авто машины мэдээллийг ил тод, нээлттэйгээр мэдээллийн нэгдсэн санд байршуулж, ард иргэд өөрийн сонирхож буй авто машины арлын дугаарыг оруулснаар тээврийн хэрэгслийн бодит мэдээллийг авах боломжтой болох ажээ. Хэрэглэгч автомашины нөхцөл байдлыг тодорхой мэдснээр тохиромжтой үнээр худалдан авах нөхцөл бүрдэж, хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засаг, хувийн өмчийг хамгаалах, зам, тээврийн осол буурахад бодит нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.