БНСУ-ын иргэдийн гуравны хоёр орчим нь далайн бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгасан байна.
Японы эрх баригчид “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын бохирдсон усыг далайд асгахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэний дараа БНСУ-ын иргэдийн гуравны хоёр орчим нь далайн бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгасныг судалгаа харуулжээ.
Хэдийгээр цацраг идэвхт бодис бүхий усыг хоёр жилийн дараа асгах төлөвтэй байгаа ч санал асуулгад оролцогчдын 91.2 хувь нь хүнсний аюулгүй байдалд санаа зовоод эхэлчихсэн бөгөөд далайн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Судалгаанд оролцогчдын 95.2 хувь нь дэлгүүрээс далайн бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийнх нь мэдээллийг шалгадаг гэсэн бол 77.9 хувь нь зоогийн газарт эсвэл гэртээ хоол захиалахдаа шалгадаг байна. Үүний зэрэгцээ 63 хувь нь далайн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээгээ аль хэдийн багасгасан гэж хариулжээ.
Санал асуулгад оролцогчдын 69.6 хувь нь Японы загас, далайн гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шалгадаг одоогийн тогтолцоонд итгэхгүй байгаа бол 27.8 хувь нь чангатгахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Солонгосын хэрэглэгчдийн холбооноос дөрөвдүгээр сард явуулсан санал асуулгад 20-60 насны 500 орчим хүн оролцжээ.
2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осол гарч, цөмийн реакторыг нь хөргөхөд их хэмжээний ус ашигласан юм. Станцын цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг цэвэршүүлсний дараа Номхон далайд асгахыг зөвшөөрснөө Япон улсын эрх баригчид дөрөвдүгээр сард 13-нд мэдэгдсэн билээ.
Хөргөлтөд ашигласан усыг тусгай саванд хадгалж байгаа бөгөөд цаашид яах тухай асуудал олон жил яригдаж байв. Одоо аюултай цацраг идэвхт бодисуудаас цэвэрлэсэн 1 сая 25 мянга гаруй тонн ус хуримтлагджээ. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн ч цацраг идэвхт трит агуулагдсан хэвээр байгаа аж. Японы Засгийн газар усыг далайд асгах үед энэ бодисын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ундны усны тогтоосон стандартад нийцсэн байна гэж мэдэгджээ.
Фүкүшима мужийн иргэд болон Японы загас агнуурын салбарынхан, байгаль хамгаалагчид, мөн ОХУ, БНХАУ, БНСУ станцын усыг далайд асгахыг эрс эсэргүүцэж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.