БНСУ-д үйлдвэрлэсэн “Спутник V” вакциныг ирэх сараас гадаадад нийлүүлж эхэлнэ
ОХУ-д гаргаж авсан “Спутник V” вакциныг үйлдвэрлэх эрх авсан ”БНСУ-ын “GL Rapha” компанийн тэргүүлсэн консорциум энэ сарын сүүл, ирэх сарын эхээр тус вакциныг гадаад улс орнуудад нийлүүлэхэд бэлэн болоод байна гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.
БНСУ-ын долоон эм үйлдвэрлэгч компаниас бүрдсэн “Hankook Korus” консорциум гаднын улс орнуудад экспортлох зорилгоор 650 сая тун “Спутник V” вакциныг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Шинэ жилийн өмнө тус консорциум үйлдвэрлэсэн вакцины эхний дээжийг Москва хотод ирүүлсэн ба хоёрдугаар сард ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгчид тус вакциныг үйлдвэрлэх үйлдвэрт зочилсон бол дөрөвдүгээр сард “Спутник V” вакцины албан ёсны үйлдвэрлэгчээр бүртгүүлэхээр хяналтын бэлдмэлийг дахин ОХУ-д илгээжээ. “Hankook Korus” үйлдвэр нь Сөүл хотоос 80 км зайд орших Чүнчхон хотод байрладаг байна. Тус үйлдвэрт “Спутник V” вакцины эхний тунгийн үйлдвэрлэл ид өрнөж байгаа ба ОХУ-ын Гамалеягийн нэрэмжит төвөөс хоёр дахь тун вакцины чанарыг баталгаажуулсны дараа гадаад улс орнууд руу нийлүүлэлт хийж эхлэх гэнэ.
Дөрөвдүгээр сард тус консорциумд оролцогч “ISU ABXIS” компанид “Спутник V” вакцин үйлдвэрлэх технологийг шилжүүлж байсан бол технологи шилжүүлэх гэрээг “Boryung Biopharma” компанитай байгуулжээ. Улмаар вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор тус консорциумд БНСУ-ын тэргүүлэгч эмийн үйлдвэрүүд нэгдэж эхэлсэн байна.
БНСУ-д үйлдвэрлэсэн “Спутник V” вакциныг худалдан авах эхний захиалгыг Ойрх Дорнодын улс орнууд өгөөд байгаа аж. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан нийлүүлэлтийг схемийг хариуцаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.