Халдвар тараасан гэх сүмийнхнийг АЛЛАГЫН хэрэгт буруутгаж байна
БНСУ-д коронавирусын халдвар тун богино хугацаанд идэвхтэй тархаж байгаа билээ. Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан байж болзошгүй 10.000 орчим иргэн байгаа гэх судалгаа гараад байгаа бөгөөд халдвар ийнхүү хурдацтай тархах болсон гол шалтгаан нь тус улсаас гаралтай "Шинчөнжи" сүмийн үйл ажиллагаатай хамааралтай хэмээн үзэж байна.
Учир нь халдварыг хурдацтай тархахад гол нөлөө үзүүлсэн гэх 61 настай эмэгтэй нь тус сүмийн итгэгч байсан төдийгүй халдвар авсан нийт хүмүүсийн 53 хувь нь мөн тус сүмийн итгэгчид байгаа юм.
Өмнөд Солонгосын прокурорууд тус сүмийг үндэслэгч Ли Ман Хи болон тус шашны бусад удирдагчдыг бусдын эрүүл мэндэд заналхийлсэн, аллага үйлдсэн гэх хэрэгт буруутган шалгаж, эрэн сурвалжилж эхэлсэн байна. Учир нь тус сүмийнхэн залбирал үйлдэж байхдаа амны хаалт зүүхийг хориглосон. Энэ нь халдвар тархах гол шалтгаан болж, санаатай хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаатай ижил зүйл болсон гэж холбогдох байгууллагууд үзжээ.
"Шинчөнжи" сүмд иргэдийг элсүүлэхдээ урлаг, спортын сургалтад суулгах нэрийдлээр өөрсдөдөө дасгадаг байна. Учир нь тус урсгалыг буруу урсгал гэдгийг олон нийт мэддэг учир тэд ийнхүү далд тархи угаалт явуулдаг аж. Ингэхээсээ өмнө тухайн хүнийг долоо хоног орчим судалж, дуртай зүйлийг нь мэдэж авдаг гэх. Удаан хугацааны турш энэ маягаар харилцсаны эцэст сүмдээ дагуулан очдог бөгөөд нэгэнт итгэгч болсон бол энэ тухайгаа хэнд ч мэдэгдэх эрхгүй байдаг гэж зарим хэвлэлд бичжээ. Хэрэв гэр бүлийнхэн нь мэдсэн бол бүх зүйлээ аваад, гэрээсээ явах ёстой гэж шаарддаг гэх ба энэ маягаар гэрийнхнээсээ хол байдаг болсон олон мянган иргэн тус улсад амьдардаг байна.
"Шинчөнжи" сүмийн салбарууд БНХАУ болон Сингапур улсад байдаг аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.