Ялалтын баярт 12,000 алба хаагч оролцож, 76 онгоц хөөргөлөө

Ялалтын баярт 12,000 алба хаагч оролцож, 76 онгоц хөөргөлөө

ХУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна.

1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан "Ялалтын өдөр" гэж жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ. Орос орон даяар болдог энэ баярын гол үйл явдал Москвад өрнөдөг. Ялалтын баярын парадаас эхлээд тэр өдөртөө соёл урлагийн тоглолтууд, үзэсгэлэн, уралдаан тэмцээн болж, орой нь ёслолын буудлагаар өндөрлөдөг.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ жилийн Ялалтын баярын жагсаалд 12 гаруй мянган цэргийн албан хаагч, 191 ширхэг цэргийн хуурай замын техник хэрэгсэл, 76 онгоц, нисдэг тэрэг оролцжээ. Парадыг хуурай замын хүчний ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюков, Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу нар удирдан явуулав. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, дайнд оролцсон ахмад дайчид Улаан талбай дээрх төв хянах байрнаас парадыг үзэж сонирхов. 
Хуучин Зөвлөлт холбоот улсуудын олонх нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссаныг жил бүрийн тавдугаар сарын 9-нд тэмдэглэдэг. Нацист Герман 1945 оны тавдугаар сарын 9-ний өдөр Москвагийн цагаар шөнийн 01:00 цагт бууж өгсөн бөгөөд  цаг хугацааны зөрүүнээс болж ойг энэ сарын 8-нд дэлхийн  олон оронд тэмдэглэдэг. Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Эх орны дайнд тэр үеийн ЗХУ хамгийн их хохирол амсаж, 27 сая хүний алтан амь үрэгдэж, том жижиг 1710 хот, 70 мянга гаруй тосгон суурин бүрэн нурж нуранги болж, 32 мянга орчим үйлдвэр аж ахуйн газар, 98 мянган сангийн аж ахуй, 1876 хамтрал шатаж, нурж сүйджээ. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог. Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм. НҮБ-ын шийдвэрээр тавдугаар сарын 9-нийг дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгосон бол ОХУ-д дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, хамаатан садан нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодроогүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг. Герман үг дуугуй буун өгснийг ЗХУ-д 9-нд шилжих  шөнө  зарлаж,  И.Сталины тушаалаар тэр өдөр Москвад 1000 их буугаар ёслолын буудлага хийжээ. Зөвлөлтийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар тавдугаар сарын 9-ний өдрийг Ялалтын баяр болгосон байна.

Ялалтын баярын анхны парадыг 1945 оны зургадугаар сарын 24-нд Улаан талбайд хийсэн бөгөөд парадыг ЗХУ-ын маршал Рокоссовский командалж, ЗХУ-ын маршал Г.К.Жуков Улаан талбайд цагаан морьтой гарч ирж хүлээж авсан түүхтэй. Ялалтын өдөр өнөөгийн Орос орон, хуучин Зөвлөлтийн орнуудад хамгийн чухал баяр болдог. 
1941-1945 оны Зөвлөлт-Германы дайныг "Аугаа их эх орны дайн" гэж Оросын түүхэнд нэрлэдэг. 1980-аад оноос энэ нэр томьёо шүүмжлэлд өртөх болсноос 1991 онд Зөвлөлт задарсны дараа бүрэлдэхүүнд нь байсан 15 улсын 11 нь буюу Азербайжан, Гүрж, Латви, Литва, Тажик, Туркмен, Узбек, Хасаг, Хиргис, Эстон зэрэг улс  (2014 оны байдлаар) энэ нэр томьёог хэрэглэхээс татгалзах болсон байна.

Туркменистан Аугаа их эх орны дайн нэр томьёог хэрэглэхийг бүрмөсөн хориглож оронд нь "1941-1945 оны Зөвлөлт-Германы дайн" гэж нэрлэх болжээ. Ялалтын баярыг мөн Украин, Белорусь, Молдав, Азербайжан, Армен, Казахстан, Узбекстан, Киргиз,Тажикстанд тэмдэглэж байна. Сербид уг баярыг тэмдэглэдэг боловч бүх нийтээр амрах өдөр биш юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.