КОВИД-19 халдвар Европ тивийг бүрхлээ

КОВИД-19 халдвар Европ тивийг бүрхлээ

-Хятад улс вакцин туршиж байна-

Европын улс орнуудаас Черногор коронавирусний халдваргүй ганц орон байсан билээ. Тэгвэл өчигдөр Черногорт “Ковид-19”-ийн хоёр тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Ерөнхий сайд Душко Маркович мэдэгдэхдээ “Хоёр эмэгтэй халдвар авсан нь тогтоогдсон. 1948 болон 1973 онд төрсөн эмэгтэй “Ковид-19”-ийн халдвараар өвчилсөн” гэжээ. Европт өдгөө хэд хэдэн улс гаднын иргэдийг хүлээж авахгүй гэдгээ зарлаад байна. Тэгвэл дэлхий дахинд коронавирусний тархалт ямар байгааг тоймлон хүргэе.

Туркт анхны нас баралт бүртгэгдэв

Туркт коронавирусний халдварын улмаас хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Халдварласан хүний тоо хоногт хоёр дахин нэмэгдэж 98 болжээ. Туркийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр нас барсан өвчтөн 89 настай байсан аж. Тэрээр Хятадад коронавирусний халдвар авсан иргэнтэй ойр байсан гэнэ. Туркт коронавирусний халдварын анхны тохиолдол энэ сарын 11-нд бүртгэгдсэн юм.

“Ковид-19”-ийн халдвар нь өндөр настай хүмүүст илүү их эрсдэлтэй байгаа юм. Гэхдээ эрдэмтэд вирус мутацид орж, энгийн ханиад томууны хэлбэрээр тархаж, залуу хүмүүс ч амь насаа алдах эрсдэлтэй байгааг хэлж байна.

Турк улсаас Их Британи, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб, Ирланд, Египет Улсын хоорондын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэжээ. Ингэснээр Турк нийт 20 улстай иргэний агаарын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо. Нислэг зогсоосон шийдвэрийн дарааллаар улсуудыг жагсаавал:

 

  • Хоёрдугаар сарын 5-наас БНХАУ,
  • Хоёрдугаар сарын 24-нөөс Иран,
  • Хоёрдугаар сарын 29-нөөс Ирак, Итали, Бүгд Найрамдах Солонгос Улс,
  • Гуравдугаар сарын 15-наас Австри, Бельги, Герман, Дани, Испани, Нидерланд, Норвеги, Франц, Швед,
  • Гуравдугаар сарын 17-ноос Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Швейцар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб, Ирланд, Египет Улстай агаарын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Францад халдварын тоо 7000 хол давлаа

Францад коронавирусний халдвараар өвчилсөн хүний тоо өчигдрийн байдлаар 7730 болж нэмэгджээ. “France Info”-д мэдээлснээр нас барсан хүний тоо 175 болсон байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 602 хүнийг эдгээж, эмнэлгээс гаргажээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусний халдварын тархалттай холбоотой нөхцөл байдлыг 100 жилийн түүхэн дэх тус улсын эрүүл мэндийн салбарын хамгийн том хямрал гэж тодорхойлжээ. Дэлхийн ихэнх улс орон Франц, Итали, Испани болон Герман улстай агаарын харилцаагаа зогсоогоод байгаа юм. Францад хоногт 300-500 гаруй шинэ тохиолдол илэрч байгаа аж. Коронавирусний халдвараар нас барж буй хүмүүсийн 20-30 хувь нь 75-аас дээш насныхан байгааг Францын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

Халдвар авсан үед ямар эм ууж болох вэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн үед эмчийн зөвлөгөөгүйгээр ибупрофен эмийг уухгүй байхыг зөвлөжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга Кристиан Линдмайерын мэдэгдсэнээр, ибупрофен коронавирусний халдварын үед үхэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг нотлох шинэ судалгаа одоогоор байхгүй ч сэжигтэй тохиолдолд ибупрофен бус харин парацетамол уухыг ДЭМБ зөвлөж байна гэж тэрбээр онцолжээ. Гэхдээ эмч зөвлөсөн тохиолдолд ибупрофеныг ууж болно гэж тэрбээр тодруулжээ. Германы Бернхард Нохтын нэрэмжит Халуун орны анагаах ухааны хүрээлэнгийн вирус судлаач Йонас Шмидт-Чанаситын тайлбарласнаар, ибупрофен нь цусны бүлэгнэх явцыг сааруулдаг тул дотор цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Кристиан Линдмайер парацетамолыг хэрэглэх нь коронавирусний халдварыг эмчлэх арга огтхон биш гэж онцлоод зөвхөн өвчний зовиурыг дарахад уухыг зөвлөжээ. Парацетамолыг ханиад томууны үед биеийн халууныг бууруулах, толгой, булчингийн өвчнийг намдаах зэрэгт ууж хэрэглэдэг байна. Парацетамол нь вируст шууд үйлчилдэггүй аж.

Түүнчлэн томууны эсрэг "Фавипиравир" эм коронавирусийг эмчлэхэд үр дүнтэй болох нь тогтоогджээ. "Фавипиравир" буюу “Авиган” эм шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчлөлийг эмчлэхэд үр дүнтэй болох нь тогтоогджээ. БНХАУ-ын шинжлэх ухаан, техникийн яамны дэргэдэх Биотехнологийн төвийн тэргүүн Жан Шиньминий мэдэгдсэнээр, "Фавипиравир" эмийг эмнэл зүйн үүднээс шинжлэхэд коронавирусээр үүсгэгдсэн өвчлөлийг эмчлэхэд үр дүнтэй болохыг харуулжээ. Энэхүү эмийг хэрэглэсэн өвчтөнүүд илүү түргэн эдгэрч, тэдний уушги илүү хурдан сайжирч байсан гэж тэрбээр онцолжээ. "Фавипиравир" эм нь аюулгүй болох нь тогтоогдож, 2014 онд Японы зах зээлд гарснаас хойш сөрөг үр дагавар ажиглагдаагүй гэж Жан Шиньминь онцолжээ. Түүний хэлснээр, Гуандун мужийн Шэньжэн хотын Ардын гуравдугаар эмнэлэг коронавирусний халдвар илэрсэн 801 өвчтөнийг судалгаанд хамруулсан бөгөөд тэдний 35 нь "Фавипиравир" эмийг хэрэглэсэн байна. Энэхүү эмийг уусан өвчтөнүүдийн шинжилгээ дөрвөн хоногийн дараа сөрөг дүнтэй гарсан бол бусад өвчтөнүүд дунджаар 11 хоногийн дараа эдгэрч эхэлжээ. Түүнчлэн, энэ эмийг хэрэглэсэн 35 өвчтөний уушгины байдал мэдэгдэхүйц сайжирсан аж. Гэтэл "Фавипиравир" эм хэрэглээгүй өвчтөнүүдийн 62 хувьд нь амьсгалын замын эрхтэн мэдэгдэхүйц сайжирсан шинж тэмдэг илэрчээ. Мөн энэ эмийг Уханийн их сургуулийн дэргэдэх Жуннанийн эмнэлэгт туршсан байна. Судалгаанд 120 өвчтөн хамрагдсан бөгөөд энэ эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн халуун богино хугацаанд буурч мөн ханиалга нь хөнгөрчээ. Тиймээс судлаачид "Фавипиравир" эмийг коронавирусний эсрэг хэрэглэхийг албан ёсоор зөвлөж, ойрын хугацаанд энэ эмийг коронавирусний халдварын эсрэг хэрэглэх эмийн жагсаалтад оруулахыг санал болгож байна.

"Фавипиравир" эмийг томууны эсрэг Японы “Fujifilm Holdings” корпорац гарган авчээ. Үүнээс өмнө энэ эмийг Эбола чичрэг өвчний эсрэг хэрэглэж байсан гэнэ. Өнгөрсөн сарын сүүлчээр, Японы эрүүл мэндийн сайд Кацунобу Като Япон улс “Фавипиравир" эмийг коронавирусээр үүсгэгдсэн өвчлөлийг эмчлэхэд хэрэглэх болсон тухай мэдэгдэж байсан.

Европчууд хятад эмч нарын алдааг давтаж байна уу

Хятадын шилдэг эмч нар Европын мэргэжил нэгт нөхдүүд нь коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхдээ гаргаж буй хамгийн том алдаа нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хамгаалалт муу байгаа явдал гэж анхааруулжээ. Блүмберг агентлагийн мэдээлснээр, Европын эмч, эмнэлгийн ажилтнууд өдөр тутам ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авч байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд коронавирусний халдварын тархалт Уханийхтай ижил байна. Тиймээс голомт дээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах ёстой гэж Бээжингийн Анагаах ухааны нэгдсэн коллежийн профессор Ву Донг сэрэмжлүүлжээ. Барууны улс орнуудад эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд халдвар тархах тохиолдол эрс нэмэгджээ. Уханьд хангалттай сайн хамгаалалтгүй байсны улмаас олон мянган эмч, эмнэлгийн ажилтан халдвар авснаас 43 нь нас барсан. Түүнчлэн, Хятадын эмч нар SARS вирусний халдварыг бодвол КОВИД-19 халдварын шинж тэмдэг ихэнх тохиолдолд үл мэдэгдэх хэлбэрээр илэрч байгаа тул дахин дахин шинжилж байхыг уриалсан байна. Хувь хүн бүрийг шинжилгээнд хамруулахгүйгээр сэжигтэй тохиолдлыг хэрхэн илрүүлж, ойрын хавьтагчдыг хэрхэн тусгаарлаж буйг ойлгохгүй байна гэж тус коллежийн эрчим эмчилгээний тасгийн захирал Ду Бин ярьжээ.

КОВИД-19 коронавирусний халдвар анх Хятадын Ухань хотод илэрч, хэдхэн сарын дотор дэлхийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрсэн билээ. Одоогийн байдлаар цар тахлын голомт нь Европ болоод байна.

Киргизэд анхны гурван тохиолдол бүртгэгдлээ

Киргиз улс коронавирусний тохиолдол илрээгүй цөөн хэдэн орны нэг байсан юм. Тэгвэл тус улсад өчигдөр анхны тохиолдол бүртгэгджээ. Ингэхдээ коронавирусээр халдварласан гурван тохиолдлыг илрүүлсэн талаар Киргизийн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. “Ковид-19”-өөр өвчилсөн гурван хүн Жалал-Абад мужийнх аж. Тэд саяхан Саудын Арабд очоод ирсэн талаар Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Хятадад биологийн зэвсгийн шинжээчдийн багийн гаргаж авсан коронавирусний эсрэг вакцины эмнэл зүйн туршилтыг эхлүүлээд байгаа юм. Энэхүү вакциныг коронавирусний халдварыг зогсоох шинжлэх ухааны хамгийн хүчтэй зэвсэг гэж эрдэмтэд үзжээ. Түүнчлэн судалгааны багийнхан вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхэд бэлэн болгосон гэх мэдээлэл бий.

Хятадад хоногт 900 гаруй хүн эдгэрч байна

Хятадад нэг хоногийн дотор коронавирусний халдвартай 900 гаруй хүн эдгэрч байна. Сүүлийн гурав хоногт Хятадад хоногт 930-950 хүнийг эдгээж байгаа талаар БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлжээ.

Эрдэмтэд коронавирусний халдварын тархалтын үед бага үнсэлцэх, танилуудтайгаа уулзахдаа тэвэрч мэндчилэхгүй байх, олон нийтийн газар нэг нэгнээсээ хол зайтай явах, автобус, метро зэрэг нэгнээсээ хол зайд байх боломжгүй тээврийн хэрэгслээр зорчихдоо нүүр нүүрээ харан зогсох, суухаас аль болох зайлсхийхийг зөвлөж буй. Оросын Анагаах ухааны их сургуулийн Хүүхдийн халдварт өвчин судлалын тэнхимийн дэд профессор Иван Коновалов “Шинэ төрлийн коронавирус нь ханиад томуу болон бусад халдварт өвчнүүдтэй адил болох зэргээр байнга мутацид орж байна. Одоогоор вакцин туршиж байгаа ч вирусний аюул заналхийлэл арилаагүй хэвээр. Залуу үе коронавирусний халдварын тархалтад хайхрамжгүй хандаж байгаа нь “COVID-19”-ийн халдвар хурдан тархахад нөлөө үзүүлж байна” гэсэн юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.