Монгол, Оросын банк хоорондын уулзалт хойшлогджээ

Монгол, Оросын  банк хоорондын уулзалт хойшлогджээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкны холбогдох удирдлагуудын хамт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён И.К.Азизов болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын макро эдийн засгийн төлөв, шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, өдгөө авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

 Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хороо болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан шийдвэрүүдийг танилцуулахын зэрэгцээ хоёр талын банкны секторын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

 Монгол-Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний уулзалтыг сүүлийн жилүүдэд тогтмол хийж ирсэн боловч энэ жил Ковид-19 вирусний  дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх шаардлагын дагуу Улаанбаатар хотод дөрөвдүгээр  сарын 9-ний өдөр зохион байгуулагдах байсан хурал тодорхой хугацаагаар хойшилсон.

 Монголбанк хөрш орнуудын Төв банкуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санаачилга гарган, идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд үүний хүрээнд ОХУ-ын Төв банк, Монголбанкны хамтын ажиллагаанд бодитой ахиц гараад байгааг уулзалтын төгсгөлд онцоллоо гэж Монголбанкнаас мэдээллээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.