Хөшигийн хөндийн замд үүссэн хагарлыг хөдөлгөөн нээхээс өмнө засварлахаа мэдэгджээ
Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замд хагарал үүссэнтэй холбоотойгоор ЗТХЯ-наас өнөөдөр товч тайлбар мэдээлэл өглөө. ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаагийн мэдээлснээр, Улаанбаатараас шинэ нисэх буудал хүрэх Хөшигийн хөндий чиглэлийн 32.2 км замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 2016 оноос тавьж, 2019 оны 9 дүгээр сард ашиглалтанд орсон. Өнөөдрийг хүртэл бараг ашиглаагүй. Тус замд өнгөрсөн жил хагарал гарч эхлсэн. Одоо замын ирмэгээс 3.5 м зайд 115 м орчим дагуу хагарал үүсч нэмэгдээд байна.
Энэ бол замын технологитой холбоотой эвдрэл. Засварын ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ойрын хугацаанд дүгнэлтээ гаргаад засварын ажлаа хийнэ. Одоогоор урьдчилсэн дүгнэлт хараахан гараагүй байна. Баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч компани үүнийг хийх ёстой. Зам тээврийн хөгжлийн төв хагарлын оношийг тодорхойлж байна. Засварын зардлыг БНХАУ-ын гүйцэтгэгч компани хариуцах ёстой. Гүйцэтгэх компанийн 100 хувь буруу. Засгийн газраас мөнгө гарахгүй гэдгийг мэдэгдлээ.
Тус замыг Улсын комисс 2019 оны 9 дүгээр сард хүлээн авчээ. Хатуу хучилттай тус зам дээд үедээ харлуулсан дайрган үе 10 см, асфальт 10 см, нийтдээ 20 см. Мөн зургаан 6 см суурь асфальт, 6 см өнгөц асфальт бий. Доороо бол цементээр хучуулсан суурь 20 см, буцалсан чулуун суурь 20 см, үндсэндээ 80 см орчим даацын үетэй тавигджээ. Тухайн үед зам хагаралгүй байсан учир Улсын комисс хүлээн авсан байх. Хөндлөн гарал бол цаг уурын улмаас гардаг. Харин дагуу хагарал хэрхэн гарсныг мэдэхгүй байна. Гүйцэтгэгч компани хөдөлгөөн нээхээс өмнө засварын ажлыг дуусгана гэж бидэнд мэдэгдсэн гэдгийг тэрээр хэллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.