“COVID-19” халдварын тохиолдол шинээр 6 улсад бүртгэгджээ
ДЭМБ-ын мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн дотор 24247 тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчилсөн хүний тоо нийт 234073 болжээ. Нас баралт хоногт анх удаа 1000-аас давж нийт 9840 хүн нас барсан байна. Халдварын тохиолдол шинээр зургаан улсад бүртгэгдэж, дэлхийн улс орны 90 орчим хувийг хамраад байна. АНУ, Испани, Франц, Итали, Иран улсад дэгдэлт эрчимтэй явагдаж, эдгээр улсад нэг өдөрт бүртгэгдэж буй шинэ халдварын тоо 5000-ыг давж байна.
Хамгийн олон тохиолдол Итали улсад бүртгэгдсэн бөгөөд хоногт 5322 тохиолдол бүртгэгдэж, 624 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо нь БНХАУ-ын нас баралтын тооноос давж 4032-т хүрсэн байна.
Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын нас баралтын хувь нь Италид 8.3 хувь, Иранд 7 хувь, Германд 0.1 хувь байна. Герман, Испани, Франц, Швейцарь улсад шинэ коронавирусний халдварын тохиолдол хоногт 1000-5000-аар нэмэгдэж байна.
“СOVID-19” халдварын дэгдэлт эхэлснээс хойш БНХАУ-д хоёр дахь хоногтоо дотоодын шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж. Энэ нь ямар ч хүнд нөхцөл байдлыг эргүүлж болдгийг харуулж бусад улс, оронд итгэл төрүүлж байна.
"COVID-19" халдвар өндөр настнуудад хүнд тусаж байгаа ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн ихэнх хувийг 50 хүртэлх насны хүмүүс эзэлж байгаа аж.
Шинэ коронавирусний халдварын генетикийн дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа буюу хоёр хоногийн өмнө анхны хүн вакцины туршилтад орсон. Энэ нь шинжлэх ухаанд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй шинэ ололт амжилт болов.
ДЭМБ-аас гэртээ хамтдаа цуврал контент хийж эхлүүлсэн. Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн талаар сэрэмжлүүлгийг иргэд "What's up"-ийн 41-798-931-892 дугаарт "HI" гэсэн зурвасаар авч болно. Англи хэлээр гаргасан мэдээллийг дараа 7 хоногоос бусад хэлээр хөрвүүлэхээр төлөвлөж байна.
“СOVID-19” халдварын 4 үе шатанд тохирох арга хэмжээг ДЭМБ-аас тодорхойлж, улс орнуудад илгээжээ. Манай улс уг бичиг баримтыг авсан даруйд Шуурхай штаб салбар хоорондын стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулсан юм байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: "Еврип тивд халдварын тохиолдол буурахгүй байгаа. Итали улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 627 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралтын тоо 4032 болсон. Тус улс үндэсний хэмжээнд хөл хорио тогтоосон ч хангалттай хатуу чанд биш байгаа гэж үзэн чангатгах зорилгоор цэргийн алба хаагчдыг иргэдийн хөдөлгөөнд хяналт тавиулахаар дайчилсан байна. БНСУ-ийн Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр шинэ халдварын тоо дахин өсч, өнгөрсөн хоногт 147 тохиолдол бүртгэгдсэн. Нийт нас баралт тус улсад зуугаас давсан байна. Харин БНХАУ-ын Ухань хотод сүүлийн гурав хоногийн турш шинэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Хятад улсын хэмжээнд 41 шинэ тохиолдол бүртгэгдсэний дийлэнх олонх нь гадаад улсаас ирсэн зорчигчидтой холбоотой байгаа аж. Гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дэлхийн 124 улс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зогсоожээ. Мөн хэсэгчлэн сургуулийн үйл ажиллагааг зогсоосон 10 гаруй улс байгаа" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.