Засгийн газарт 1000 ширхэг түргэн оношлуур хандивлахаар болжээ

Засгийн газарт 1000 ширхэг түргэн оношлуур хандивлахаар болжээ

Дэлхийн 160 гаруй улсад өнөөдрийн байдлаар 276 мянга гаруй хүнд халдварлан тархаад байгаа Covid19 вирусыг богино хугацаанд 99.9 хувийн нарийвчлалаар тестлэн оношлох оношлуурыг БНСУ-д нэвтрүүлж эхэлжээ. Тус улсад халдвар бүргэгдэж, тархалт газар авахтай зэрэгцэн урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх үр дүнтэй арга, технологийг бий болгоход Засгийн газраас анхаарал хандуулан эрчимтэй ажилласны үр дүнд био технологийн компаниуд дээрх оношлуурыг гурван долоо хоногийн хугацаанд хиймэл оюун ухаанд суурилан бүтээсэн байна.  Засгийн газраас уг оношлуурыг клиникт нэвтрүүлэхэд албан ёсны зөвшөөрөл, лицензийг олгох асуудлыг долоо хоногийн дотор шуурхай шийдвэрлэжээ. Ердийн үед энэ процесст 1.4 жилийн хугацаа зарцуулдаг аж.

Анагаах ухааны хөгжил, эмнэлгийн менежмэнтээр дэлхийд тэргүүлэгч БНСУ-д тус оношлуурыг дотоодын хэрэгцээнд төдийгүй 30 гаруй орны захиалгаар маш олноор нь үйлдвэрлэж эхэлсэн байна. Одоогоор био технологийн гурван компани үйлдвэрлэж байгаа ба үйлдвэрлэлийн хэмжээ долоо хоногт сая ширхгээр хэмжигдэж буй ч захиалгыг гүйцэхэд амаргүй байдал ч үүсчээ. Мөн дотоодын хэрэглээндээ нөөцлөх бодлогыг Солонгосын Засгийн газраас баримталж эхэлсэн байна. 

Тэгвэл Д.Өнөрболор захиралтай “Сөүл” группын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү 2019-nCov Assay гэх оношлуураас 1000 ширхгийг БНСУ-ын Seegene компанид захиалгаар хийлгэн Засгийн газартаа хандивлахаар болжээ.  Үйлдвэрлэгчийн зүгээс Монголын талын захиалгыг тусгай дараалалгүйгээр нэн даруй нийлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа аж. Мөн уг оношлуурыг ХӨСҮТ-ийн лабораторид шууд ашиглах боломжтой юм байна. Иймд БНСУ-аас ойрын хугацаанд дээрх 1000 ширхэг оношлуурыг Монгол руу яаралтай тээвэрлэн авчрах бололцоог бүрдүүлж, холбогдох байгууллагуудад чиглэл өгч, туслалцаа үзүүлнэ үү хэмээн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд “Сөүл” ХХК-иас бичгээр ханджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.