“Долоогийн бүлэг”-ийн орнууд “Бүс ба Зам”-тай өрсөлдөх санаачилга хэрэгжүүлнэ.

“Долоогийн бүлэг”-ийн орнууд “Бүс ба Зам”-тай өрсөлдөх санаачилга хэрэгжүүлнэ.

“Долоогийн бүлэг”-ийн гишүүн орнууд Хятадын олон сая ам.долларын өртөг бүхий “Бүс ба Зам”-тай өрсөлдөхүйц санаачлагыг танилцуулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас санаачилсан  "Back Back Better World" (B3W) төсөл нь бага, дунд орлоготой орнуудын дэд бүтцийн салбарт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулах юм байна. Цагаан ордны мэдээлснээр, уг санаачилгын хүрээнд “Долоогийн бүлэг” болон бусад түншүүд Латин Америк, Африк, Энэтхэг-Номхон далайн бүсийн орнуудын дэд бүтцийн хөгжилд ил тод, тогтвортой, байгальд ээлтэй байдлаар хувь нэмрээ оруулах юм байна.  ХБНГУ-ын  Канцлер Ангела Меркель "Back Back Better World" төслийг  Африкт нэн шаардлагатай чухал санаачилга гэжээ.  Тэрбээр "Бид  Африкийг БНХАУ-д даатгаж болохгүй” хэмээсэн байна.  Аль-Жазирагийн редактор Жеймс Бэйс B3W төсөл нь АНУ-ын санаачилга бөгөөд “Долоогийн бүлэг”-ийн орнууд дэмжсэн төдий гэжээ.

Тэрбээр “Бүс ба Зам” санаачилга нь найман жилийн турш хэрэгжсэн,  дэлхийд танигдсан, практик дээр хэрэгжсэн төсөл. Харин  "Back Back Better World" зүгээр л мөрөөдөл" хэмээв. B3W төслийн санхүүжилтын эх үүсвэр нь тодорхойгүй хэвээр байгаа юм.  Дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Байден  Долоогийн орнуудын удирдагчдыг Бээжингийн ислам шашинтнууд болон бусад үндэстний цөөнхөд чиглэсэн албадан хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааны эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг мөн уриалжээ.  Судлаачдын үзэж байгаагаар сүүлийн жилүүдэд нэг сая орчим хүн, тэр дундаа  уйгурчууд Хятадын баруун Шинжаан муж дахь дахин хүмүүжүүлэх лагерьт хоригдсон байна. Хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага саяхан гаргасан тайландаа Шинжааныг  "дистопийн там" гэж нэрлээд буй. АНУ, Канад, Их Британи, Герман, Итали, Франц, Япон зэрэг “Их-7”-гийн гишүүн орнуудын удирдагчид Их Британийн Их Британи Корноулл хойгийн Карбис-Бэй эргийн хотод энэ сарын 11-13-нд  хоёр жилийн дараа анх удаа нүүр тулж уулзсан юм. Өнгөрсөн жилийн дээд хэмжээний уулзалт АНУ-д зохион байгуулагдах ёстой байсан.

Гэвч цар тахлаас болж цуцлагдсан билээ. Долоо хоногийн өмнө болсон “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Сангийн сайд нарын уулзалтаар үндэстэн дамнасан корпорациудын ашгийн татварыг 15 хувь болгох тохиролцоонд хүрсэн төдийгүй энэ татвараа үүсэн байгуулахдаа бүртгүүлсэн улс оронд биш харин үйл ажиллагаа эрхэлж ашиг олсон улсад төлдөг байх өөрчлөлт зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр болох салбар хуралдаануудаар мөн олон улсын байдлыг хөндөж хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тэр дундаа ОХУ, БНХАУ-тай холбоотой асуудлыг онцгойлон хэлэлцэхээр байгаа юм. Үүнээс гадна “Долоогийн бүлэг”-ийн хүрээнд хил нээх, улс хоорондын аялалыг сэргээх асуудлыг хариуцсан ажлын хоёр хэсэг байгуулагджээ. “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт аюулгүй байдлын өндөржүүлсэн хамгаалалт дор болж, нийт 6.5 мянган цагдаагийн ажилтан харуул хамгаалалтад гарчээ. "КОВИД-19" цар тахалтай холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах хүсэлтээ илэрхийлэгчдэд дээд хэмжээний уулзалт болох газраас 10-аад км-ийн зайд талбай гаргаж өгсөн байна. Мөн Карбис Бэй хотоос 40 км-ийн зайд хэвлэлийнхэнд зориулсан төв байгуулжээ. Эндээс тусгай зохион байгуулалттайгаар хэвлэлийнхнийг нэгдсэн журмаар хэвлэлийн бага хуралд оролцуулсан  байна.

“Долоогийн бүлэг”-ийн гишүүн орны удирдагчдаас гадна уулзалтад Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нар оролцсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.