Далай тэнгисийн бурхдын ертөнцөөр..
Монголчуудын хувьд далай нь тийм ч танил орчин биш... Учир Монгол Улс далайд гарцгүй улс орнуудын нэг. Дэлхийд глобалчлал тэлж, аялал жуулчлал хөгжсөн энэ цаг үед далайд аялж, газар үзсэн найз нөхдөөсөө, эсвэл телевизийн сувгаар л далай, тэнгисийн тухай ойлголтыг мэдэрч үзэж байгаа гэхэд хилсдэхгүй. Иймд бид энэ удаад далайн гайхамшгийг харуулсан гэрэл зургуудаас та бүхэнд хүргэж байна. Эхлээд далай хэмээгч агуу болоод эууцлаг ертөнцтэй товч танилцацгаая.
Бид дэлхийн усан мандлын үндсэн хэсэг болох ихээхэн хэмжээний, өндөр давсжилттай усан санг далай хэмээн нэрлэдэг. Далай нь ойролцоогоор дэлхийн гадаргуугийн 71 хувь буюу 361 сая км.кв талбайг эзэлдэг байна. Энэхүү тасралтгүй үргэлжилсэн ус буюу далай нь хэд хэдэн далай, тэнгисүүдэд хуваадаг аж.
Далайн эзлэх талбай нь 361 сая кв/км, эзлэхүүн нь ойролцоогоор 1.3 тэрбум куб/км, дундаж гүн нь 3790 метр гэж үздэг. Дэлхийн гадаргуугийн 66 хувийг 200 метрээс илүү гүнтэй ус хучиж байдаг гэх бөгөөд үүнд Каспийн тэнгис зэрэг далайтай холбогдоогүй тэнгисүүдийг тооцоогүй байна.
Дэлхийн усан мандлын 2 хувь нь цэвэр ус бөгөөд үлдэх хэсэг нь давстай ус байдаг аж. Өөр нэг сонирхолтой баримтыг хүргэхэд тэнгэрийн хөх өнгө далайн усанд туссанаас далай цэнхэр өнгөтэй харагддаг гэж хүмүүс боддог ч үнэндээ ус нь цайвар цэнхэр өнгөтэй бөгөөд ихээхэн хэмжээний ус байгаа тохиолдолд ийнхүү цэнхэр харагддаг гэнэ. Тэнгэрийн өнгө усны өнгөнд нөлөөлөх боловч, гол шалтгаан биш аж. Гол шалтгаан нь усны молекул нарны гэрлийн улаан фотоныг шингээдэгтэй холбоотой хэмээн эрдэмтэн судлаачид тайлбарладаг. Дэлхийн хуурай газрыг таван том далай хүрээлж байна.
Үүнд:
НЭГ. Номхон далай нь дэлхийн хамгийн том далай юм. Уг далайн нэрийг Португалийн далайчин, судлаач Фердинанд Магеллан анх өгсөн гэдэг. Номхон далай нь хойд талаараа Умард мөсөн далай, өмнөд талаараа Антарктид, баруун талаараа Ази, Австрали, зүүн талаараа Америк тивээр хүрээлэгдэнэ. 169.2 сая хавтгай дөрвөлжин км буюу Дэлхийн усан гадаргуугийн 46 хувь, нийт гадаргуугийн 32 хувийг эзэлдэг бөгөөд Экваторын дагуу Хойд Номхон далай, Урд Номхон далай гэж хуваагдана. Марианы хонхор хамгийн гүн цэг нь 10911 метр.
ХОЁР: Атлантын далай нь дэлхийн хоёр дахь том далай бөгөөд 91,6 сая км² талбайг эзэлдэг. Дэлхийн далайн усны 25 хувь нь тус далайд хамааралтай. Дундаж гүн 3736 м бөгөөд хамгийн гүнзгий нь болох Пуэрто Рикогийн хонхор 8742 метр. Грек домгийн Атлас (Аталанта) гэх дүрээс юм уу Атлантида гэх домгийн арлын нэрийн аль нэгнээс үүсэж нэрлэгдсэн хэмээн яригддаг. Атлантын далай нь цэвэр усны маш их нөөцтэй бөгөөд эдгээр нь мөсөн уул хэлбэрээр хадгалагддаг байна.
Атлантын далай нь Экваторын шугамаар Умард ба Өмнөд Атлантын далай хэмээн хуваагдана. Баруун талаараа Америк тив, зүүн талаараа Европ болон Африкаар хашигдаж, Номхон далайтай хойд талаараа Умард мөсөн далайгаар, өмнө талаараа Дрейкийн гарцаар холбогдоно. Мөн Хойд ба Өмнөд Америкийн хооронд байгуулсан Панамын сувгаар Номхон далайтай холбогдоно.
Манай гарагийн гадаргуун 20 хувийг эзлэх Атлантын далай нь хэмжээгээрээ зөвхөн Номхон далайн дараа ордог. Ойролцоох тэнгисүүдийг хамруулбал 106,400,000 км/кв, хамруулахгүй бол 82,400,000 км/кв талбай эзэлнэ.
ГУРАВ: Энэтхэгийн далай нь манай гарагийн гурав дахь том далай бөгөөд дэлхийн усан гадаргуугийн 20 хувийг эзэлнэ. Энэтхэгийн далай нь хойд талаараа Ази, баруун талаараа Африк, зүүн талаараа Малайзын хойг, Австрали, урд талаараа Өмнөд мөсөн далайгаар (Антарктидаар) хүрээлэгдэнэ. Энэтхэгийн далай нь зүүн уртрагийн 20°-аар Атлантын далайгаас, зүүн уртрагийн 147°-аар Номхон далайгаас тус тус тусгаарлагдана. Хамгийн хойд цэг нь хойд өргөргийн 30° буюу Персийн булан юм. Энэтхэгийн далайн урт, өргөн нь ойролцоо бөгөөд 10000 км өргөн, нийт талбай нь 73556000 км/кв. Далайн дундаж гүн 3890 м.
Энэтхэгийн далайд Замбези, Шат-Эль-Араб, Инд, Ганга, Брахмапутра, Иравади зэрэг томоохон гол мөрөн цутгах бөгөөд мөн 2 том урсгалтай. Эхнийх буюу хойд урсгал нь цагийн зүүний дагуу, дараагийнх нь Экваторын өмнөд хэсэгт цагийн зүүний эсрэг чиглэлд урсана. Далайн гүний урсгал нь Атлантын далай, Улаан тэнгисээс ирэх урсгалаас хамаарна. Хойд өргөргийн 20° орчимд гадаргуугийн усны хэм 22°C, түүнээс зүүн тийш 28°C-аас давна. Өмнөд туйл руу ойртоход далайн усны гадаргуугийн хэм огцом буурна. Өмнөд өргөргийн 65 градус орчимд мөсөн уул тааралдана. Давсжилт нь 3,2-3,7 хувь байх бөгөөд Арабын тэнгис, баруун өмнөд Австрали орчмын ус нь хамгийн өндөр давсжилттай аж.
ДӨРӨВ: Өмнөд далай нь 5805 метр хүртэл гүнзгий, 20,327 сая км² талбайг эзэлдэг бөгөөд Өмнөд туйлын далай, Өмнөд мөсөн далай, Антарктикийн далай гэх мэтээр бас нэрлэгддэг. Өмнөд далай нь өргөргийн 60 градусаас өмнө зүгт, Антарктид тивийг хүрээлэн байдаг ба хойд зүгтээ Атлантын далай, Энэтхэгийн далай болон Номхон далайтай нийлдэг юм. Антарктид тивийн гүний ус, мөсөн уул, хайлсан давсгүй гадаргын ус болоод далайн гүний дулаан ус нэг дор байдгаас Өмнөд далай нь далайчдын дунд хамгийн их шуургатай далайгаар тодорсон байдаг.
ТАВ: Умард мөсөн далай нь Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, Умард туйлын орчим байрлах Дэлхийн далайнууд дотор хамгийн жижиг, хамгийн гүехэнд тооцогдох, жилийн бүх улиралд мөсөөр хучигдан оршдог далай юм[.
Умард мөсөн далай нь Еврази ба Хойд Америкаар хүрээлэгдэн орших ба усны температур, давсжилтын хэмжээ нь улирлаас хамаарна. Өөрөөр хэлбэл мөсний хайлалт ба усны хөлдөлтөөс хамаардаг. Бусад далайнуудтай харьцуулахад хамгийн бага давсжилттай, мөн хамгийн бага ууршилттай далай юм. Далайн усны давсжилтын хэмжээнд эх газраас цутгах их хэмжээний цэнгэг ус, Атлантын далай болон Номхон далайтай усаа чөлөөтэй солилцдоггүй зэрэг шалтгаан гол нөлөөтэй. Зуны улиралд далайн мөсөн бүрхүүлийн 50 хувь нь хайлдаг байна. Нэг зүйлийг сануулахад монгол хэлэнд хойд, урд зүгт орших газар орны нэрийг хойд, урд хэмээн нэрлэдэг хэдий ч туйлын хойд, урд зүгт байгааг умард, өмнөд хэмээн нэрлэдэг. Тиймээс зарим тохиолдолд гадаад хэлнээс орчуулахдаа Хойд мөсөн далай хэмээн орчуулдаг боловч, уг ёсоор бол Умард мөсөн далай гэх нь зөв аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.