Хунчирын ашиг тус

Хунчирын ашиг тус

Хунчирын ашиг тус /Astragalus benefits/

Доктор Josh Axe-гийн 2018.08.02 нд /https://draxe.com/ сайтад хэвлүүлсэн АНУ-ын Үндэсний анагаах ухааны номын сан, АНУ-ын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн /US National Library of Medicine National Institutes of Health/ мэдээлэлд тулгуурлан бичсэн хунчрын 10 ашиг тусын талаар орчуулан хүргэж байна. Эхийг https://draxe.com/nutrition/astragalus/

Хунчир дархлааг дэмждэг

Та хунчирын тухай мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол та үүний тухай мэдэх хэрэгтэй юм. Яагаад гэвэл хунчирын үндэс бол амьд бие махбодод дархлааг бий болгогч манай гариг дээрх хамгийн хүчирхэг ургамлын нэг юм. Дасан зохицуулах (адаптоген) үйлдэлтэй ургамал нь аливаа өвчинтэй тэмцэж байх үеийн мэдрэлийн цочролыг намдаадаг. Түүнчлэн хунчир нь дархлааны тогтолцоог дэмжихийн хамт зүрх судасны эрүүл мэндийн амин чухал дэм, хорт хавдартай тэмцэж, химийн эмчилгээний хам шинжийг хөнгөвчилдөг.

Та үүнд итгэнэ үү үгүй юу, үүнээс ч их ач тустай. Хунчир нь маш их ашиг тустай ургамал тул түүнийг та өөрийн эрүүл, зохистой дэглэмийн бүрэлдэхүүндээ багтаах хэрэгтэй юм.

Хунчир гэж юу вэ?

Хунчир бол Буурцагтны (шош) овгийн ургамал бөгөөд өнө эртнээс түүнийг амьд бие махбодын дархлааны тогтолцоог дэмжиж, аливаа өвчинтэй тэмцдэг гэж тооцдог. Түүний үндсийг Дорнын уламжлалт анагаах ухаанд олон мянган жилийн турш дасан зохицуулах үйлдэлтэй гэж хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь мэдрэлийн цочролыг дарангуйлж, аливаа өвчнийг анагаахад тустай гэсэн утгатай юм. Өнөө үед хунчирыг олон өвчин, эмгэгийг эмчлэн анагаахад хэрэглэдэг.

Хунчир нь олон наст цэцэгт ургамал бөгөөд түүнийг milkvetch буюу сүүн шошны үндэс Huang-qi гэж нэрлэдэг. Энэ ургамал нь 40-90 см-ийн өндөр ургадаг ба Хятадын зүүн ба хойд бүс нутгаар тархсан байдаг. Түүнчлэн Монгол ба Солонгост тархан ургадаг.

Хунчирын ургалтын 4 дэх жилээс үндсийг нь түүж бэлтгэн эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Хунчирын 2000 гаруй зүйл ургамлаас зөвхөн Монгол хунчир, Сарьслаг хунчир гэдэг 2 зүйлийг л анагаах ухаанд хэрэглэдэг (1(https://nccih.nih.gov/health/astragalus)). Хунчирт хүний эрүүл мэндэд ашиг тустай 3 анги бүлгийн нэгдлүүд агуулагддаг. Энэ нь сапонин, флавоноид, полисахарид юм. Эдгээр нь эмийн ургамалд агуулагддаг биологийн идэвхтэй нэгдэл бөгөөд мөн түүнчлэн жимс, хүнсний ногоонд байдаг (2 (http://www.mdpi.com/1420-3049/19/11/18850/htm)). Сапонин нь холестеролыг бууруулах, дархлааны тогтолцоог сайжруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлдэлтэй (3(http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2928447/)). Флавоноид нь эсийн сигналаар дамжуулан хүний эрүүл мэндэд ашиг тус үзүүлдэг. Флавоноид нь антиоксидант (үл исэлдүүлэх) идэвхтэй тул хүний бие махбодод бий болсон чөлөөт радикалыг (язгуур) зайлуулах, тэдгээрийн тоо хэмжээг хянадаг. Иймд энэ төрлийн нэгдлүүд нь зүрхний өвчин, хорт хавдар, дархлал хомсдолын вирусээс хамгаалж, сэргийлдэг (4(http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/15678717)). Полисахарид нь нян, вирусын эсрэг идэвхтэй, үрэвслийг дарах чадвартай болон эрүүл мэндэд бусад ашиг тус үзүүлдэг (5(http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/22909979)).

Хунчрын ашиг тус

Дорнын уламжлалт анагаах ухаанд хунчирын өвсийг хүний бие махбод, оюун санааны ядаргаа, цочролын аль алиныг тайлж, хамгаалахад хэрэглэдэг уламжлалтай ба хунчир нь хүний бие махбодын хэд хэдэн тогтолцооны эрүүл мэндэд тус үзүүлж, тэдгээрийн өвчлөлийг анагаахад ашиг тустай. Ер нь хунчирын биолог, фармакологийн идэвх, үйлдлийн талаарх асар их судалгаа, үр дүн, мэдээлэл байгаа ба үүний дотор эсийг үхлээс хамгаалах, чөлөөт радикалыг зайлуулах, исэлдэлтээс сэргийлэх үйлдэл нь тодорхой болсон байна. Хунчир нь дараахь идэвхтэй үйлдэлтэй. Үүнд:

1. Үрэвслийг дарах үйлдэлтэй

Үрэвсэл бол ихэнх өвчний үндэс суурь юм. Үе мөчний өвчнөөс зүрхний өвчин болж даамжран эрүүл мэндэд аюул үүсдэг. Хунчирт сапонин ба полисахарид агуулагддаг тул олон өвчний үрэвслийг намдаах үйлдэлтэй, шарх, эд эсийн гэмтэл, чихрийн шижингээс үүдэлтэй бөөрний өвчний үеийн үрэвслийг анагаах зэрэг үйлдэлтэй болох нь олон тооны судалгааны үр дүн харуулж байна (6 (https://umm.edu/health/medical/altmed/herb/astragalus)).

2. Дархлааны тогтолцоог дэмждэг

Хунчир дархлааны тогтолцоог дэмждэг гэдгээрээ алдартай юм. Энэ зорилгоор олон мянган жилийн турш хэрэглэгдэж иржээ. Бээжингийн судлаачдын судалгааны үр дүнд хунчир нь Т-туслагч эс 1 ба 2-г хянаж, бие махбодын дархлааны хариу урвалыг зохицуулахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг (7(http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/22981502) ).

3. Хорт хавдрын ургалтаас сэргийлж, ургалтыг удаашруулдаг

Сүүлийн үеийн олон тооны туршилт судалгаа нь хунчрын сапонин, флавоноид, полисахарид нь хорт хавдрын ургалтыг зогсоодог эсвэл ургалтанд саад учруулдаг гэсэн үр дүн байна. Эм зүй ба Эм судлал Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлд элэгний хорт хавдрын үеийн уламжлалт химийн эмчилгээнд хунчрыг хавсран хэрэглэхэд энэ нь олон эмийн дасал болохоос сэргийлэх үйлдэлтэй гэж тэмдэглэжээ (8 (http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/23146037)).

4. Зүрх судасны тогтолцоог хамгаалдаг

Хунчирт агуулагддаг флавониодууд нь антиоксидант үйлдэлтэй тул артерийн судсанд товруу ургах, судас нарийсахаас сэргийлж, судасны дотор ханыг хамгаалах зэрэг үйлдэл үзүүлдэг. Chinese Journal of Integrative Medicine сэтгүүлд 2014 онд хэвлэгдсэн өгүүлэлд вирусын миокардит (зүрхний булчингийн хананы дунд давхрааны үрэвсэл) өвчнийг анагаах уламжлалт эмчилгээний үед хунчрыг тарьж хэрэглэхэд илүү сайн үр дүн өгч байгаа тухай бичсэн байна (9(http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25098261)).

Бусад судалгааны үр дүнгээс хунчир нь цусны даралтыг бууруулж, триглицеридийн хэмжээг багасгадаг болохыг харуулж байна (10 (http://www.journaltcm.com/…/Jou…/contents/stories/133/25.pdf) ). Хүний цусанд триглицеридийн хэмжээ их байхад зүрхний шигдээс, артерийн судасны хана хатуурах зэрэг зүрхний олон хэлбэрийн өвчнөөр өвдөх эрсдэл их юм. Зүрхний шигдээсийн үед зүрхний цусан хангамж муудаж, хүчилтөрөгчийн дутмагшил болсны улмаас зүрхний булчин гэмтдэг. Яг энэ үед цусан дахь кальцийн хэмжээ ихсэж, улмаар зүрхний булчингийн гэмтлийг ихэсгэдэг. Тэгэхээр хунчир нь зүрхний булчингийн кальцийн орчныг зохицуулж улмаар түүнийг нэмж гэмтэхээс хамгаалдаг үйлдэлтэй байх боломжтой юм.

5. Чихрийн шижин болон түүнтэй холбоотой өвчнөөр өвдөхөөс сэргийлж, зохицуулах үйлдэлтэй

Хунчирын чихрийн шижинг эмчлэхэд үзүүлэх нөлөөг нилээд их судалсан байдаг. Судалгааны дүнд хунчир нь инсулинд тэсвэртэй байдлыг бууруулан чихрийн шижинг байгалийн замаар эмчилдэг болохыг харуулж байна. Хунчирын өвсөнд агуулагддаг сапонин, флавоноид, полисахарид нь 1 ба 2-р хэлбэрийн чихрийн шижинг эмчлэх идэвхтэй юм. Эдгээр бодис нь инсулинд мэдрэг байдлыг ихэсгэж, нойр булчирхайн бета эсийг (нойр булчирхайд байрладаг, инсулиныг ялгаруулах үйлдэлтэй эс) хамгаалж, чихрийн шижингийн шинж тэмдэг илэрч буй эд эрхтэний үрэвслийг дарах үйлдэл үзүүлдэг (11(http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3855992/) ).

Чихрийн шижингээр өвдсөн хүмүүст бөөрний өвчин үүсэх явдал түгээмэл тохиолддог. Хунчирыг олон жилийн турш энэ тохиолдлын бөөрний өвчнийг эмчлэхэд хэрэглэж иржээ. Сүүлийн үед хүн болон амьтанд туршин судалсан судалгаагаар хунчир нь чихрийн шижингийн үед бөөрний өвчлөл үүсэлтийг удаашруулж, бөөрний тогтолцоог хамгаалах үйлдэлтэй гэж тогтоогджээ (12(http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20951192),13(http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/19735713)).

6. Антиоксидант ба хөгшрөлтийн эсрэг чадалтай

Бие махбодод чөлөөт радикалын нөлөөгөөр исэлдэлт явагддаг ба энэ нь өвчлөл, хөгшрөлтийн үндсэн хэсэг юм. Хунчирт чөлөөт радикалын аюулыг зайлуулах, исэлдэлтийн цочролоос сэргийлэх үйлдэлтэй бодисууд агуулагддаг. Өвсөн дэх полисахаридууд нь дархлааны тогтолцооны ажиллагаанд сайнаар нөлөөлж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Энэ нь хүний амьдралыг уртасгадаг (14(http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3291990/)).

7. Шарх эдгээх ба сорвижилтыг багасгахад тустай

Хунчир нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул шарх анагаахад хэрэглэж ирсэн олон жилийн түүхтэй. Хунчирын үндэс буюу хунчирын хатаасан үндсийг Дорнын уламжлалт анагаах ухаанд гэмтэж, шархалсан эд эрхтэнийг эмчлэх, нөхөн сэргээхэд хэрэглэдэг.

2012 онд Zhejang Их Сургуулийн Эм зүйн Хүрээлэнд астрагалозид IV (хунчирын хатаасан үндсэн дэх идэвхтэй бодис) бодисоор шарх эдгээх үйлдлийг судлахад шарх эдгэрэлт 48-96 цагийн туршид 2-3 дахин сайжирч байсан үр дүн өгчээ. Иймээс хунчир бол шарх анагаах, сорвижилтыг багасгах үйлдэлтэй байгалийн нэгдэл юм (15(http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3291990/)).

8. Химийн эмчилгээний үеийн хам шинжийг сулруулдаг

Химийн эмчилгээ хийлгэж буй өвчтөн хунчрыг хэрэглэхэд бие махбод нь маш түргэн сэргэж, амьдрах хугацаа нь уртасдаг. Химийн эмчилгээний үед дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, ясны чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдах зэрэг хурц шинж тэмдэг илрэх тохиолдолд хунчирын бэлдмэлийг эмийн хамт венийн судсанд тарилгын шингэн байдлаар тарьдаг. Өмнөх судалгаагаар ийм эмчилгээ нь дээрх хордлогын хам шинжийг бууруулж, улмаар химийн эмчилгээний үр нөлөөг сайжруулсан гэсэн дүгнэлт гарсан юм (16 (http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/16421421) ).

9. Томуу, ханиадыг эмчилдэг

Хунчир нь вирусыг дарах чадвартай тул томуу, ханиадыг эмчлэхэд олон жилийн турш хэрэглэж ирсэн уламжлалтай. Түүнийг ихэвчлэн хүн орхоодой, angelica, чихэр өвс зэрэг бусад эмийн ургамалтай хавсран хэрэглэдэг. Томууг эмчилдэг байгалийн гаралтай бусад эмийн адил хунчрыг эрүүл хүн тогтмол нэмэлт бүтээгдэхүүн байдлаар хэрэглэвэл томуунаас урьдчилан сэргийлэх илүү сайн үр дүнтэй. Өвлийн хүйтэн сэрүүн улирал эхлэхээс өмнө хунчир, хунчиртай бүтээгдэхүүнийг хэрэглэж байвал хүйтэн сэрүүн саруудад ханиад томуугаар өвчлөх, амьсгалын замын өвчлөлөөр өвдөхөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах ач тустай (6).

10. Архаг багтраа өвчнийг эмчлэхэд нэмэлт үйлдэл үзүүлдэг

Хунчирыг архаг багтраа өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг ба багтрааг эмчлэх нэмэлт эмчилгээ гэж тогтоогдсон юм. Түүнийг энэ өвчнийг эмчлэх байгалийн эм гэж нэрлэдэг. Хунчираар эмчилсний дараа амьсгалын замын хэт мэдрэгшил харьцангуй сайн буурч, салс ялгарал, үрэвсэл багасдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Хурц багтраа өвчин хөдлөлийг багасгаж, түүнээс сэргийлснээр архаг багтраа болох явцыг хязгаарладаг (17 (http://www.researchgate.net/…/47416083_Effects_of_Astragalo…) ).

Түүнээс гадна хунчирыг дараахь тохиолдлуудад хэрэглэж болно. Үүнд:

• Коллагений задралаас сэргийлдэг (18 (http://onlinelibrary.wiley.com/…/j.1365-2133.2011.1067…/full))

• Дөнгөж төрсөн нярайн гуурсан хоолой-уушигны эдийн дутуу хөгжлөөс шалтгаалсан уушигны өвчнийг эмчлэхэд тустай (19(https://www.spandidos-publications.com/ijmm/34/6/1529…) )

• Херпес симплекс вирус 1-ийг дарангуйлдаг (20(http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/14724098))

• Ходоодны өвчнөөс эхлээд зүрхний өвчнийг үүсгэдэг Coxsakie B-3 вирусын хуваагдлаас сэргийлдэг (21(http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/14724098))

• Харшлын шинж чанартай дерматитийн (арьсны харшлын өвчин) үрэвслийг эмчилдэг (22(http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/23083228))

• Элгэн дэх хепатитис В вирусыг дарангуйлах замаар шар өвчнийг эмчлэхэд тустай (23(http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/19122295) )

• Т-туслагч эсийг хамгаалах замаар ДОХ-н эмчилгээнд тустай (24(http://www.jimmunol.org/content/181/10/7400.full) )

• Шээс хөөх зөөлөн үйлдэлтэй (6)

Хунчирыг яаж хэрэглэх вэ

Хунчирын үндсийг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг хэд хэдэн арга зам бий. Одоогоор хунчрыг аливаа өвчний уламжлалт эмчилгээний үед нэмэлт байдлаар хэрэглэдэг ба эмчийн зөвлөлгөө, зааваргүйгээр эмчилгээний эмийг сольж, өөрчилж хэрэглэж болохгүй.

Maryland Их Сургуулийн Анагаахын Төв хунчрыг ихэвчлэн эмийн ургамлын зах, эрүүл мэндийн хүнсний дэлгүүрт дараахь хэлбэрээр байдаг гэж мэдээлжээ (6). Үүнд:

• Хандмал (шингэн, спиртэн ханд)

• Капсул ба шахмал

• Азийн орнуудад эмнэлгийн болон эмнэл зүйн зорилгоор тарилгын шингэн

• Арьсанд хэрэглэх (гадуур)

• Хатаасан байдлаар цай болгон хэрэглэх

Хунчирыг хэрэглэх стандарт тун хэмжээ байдаггүй ба харин эмчийн зөвлөлгөө, заавраар хир хэмжээтэй, хэдэн удаа ууж хэрэглэхээ тогтооно. Ер нь тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, эм бэлдмэлийг хэрэглэж буй байдлаас шалтгаалж хир хэмжээтэйг, хэдэн удаан хэрэглэхийг тогтооно.

Хунчирын жор

Вирусын эсрэг идэвхтэй энэхүү ургамлыг хэрхэн өөрийнхөө хоол хүнсний бүтцэд оруулан хэрэглэх вэ гэдэг асуулт сонирхолтой байгаа юм. Энд хэдхэн жор байна. Үүнийг оролдож үзээрэй. Үүнд:

• Дархлааны тогтолцоонд сайн нөлөөтэй хунчир агуулсан шөл

• Хунчир агуулсан дархлааны тогтолцоонд нөлөөлөх жор

Хунчирыг хэрэглэснээс гарч болох гаж нөлөө ба анхаарах зүйлс:

Ерөнхийдөө хунчир нь хэрэглэхэд аюулгүй, айхтар гаж нөлөөгүй. Зарим ургамлан нэмэлттэй харилцан үйлчлэлцэх магадлалтай ба ингэсний улмаас бага тундаа гаж нөлөөнөөс сэргийлж чаддаг.

Хөхүүл ба жирэмсэн эмэгтэйчүүд хунчрыг хэрэглэж хэрэггүй.

Аутоиммунын өвчтэй хүмүүс хунчирыг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөлгөө авах хэрэгтэй. Хунчир дархлааны тогтолцоог сэргээх дэмжих үйлдэлтэй. Судасны хатуурал, үе мөчний өвчин болон дархлаа тогтолцооны өвчтэй хүмүүс хунчирт мэдрэг байх магадлалтай юм (25).

Зарим мэргэжилтэн дасан зохицуулах үйлдэлтэй өвөрмөгц нэгдлийг хэдэн сар хэрэглэж, дараа нь өөр нэгдлийг хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөдөг.

Хунчир нь дараахь эмнүүдтэй харилцан үйлчлэлцдэг. Үүнд:

Циклофосфамид (Циклоксан, Неосар): Энэ эмийг дархлааны тогтолцоог дарангуйлах зорилгоор хэрэглэдэг. Хунчирыг хэрэглэж байхад энэ эмийн идэвх буурдаг.

Литий: Хунчир нь шээс хөөх үйлдэлтэйн улмаас бие махбод дахь литийн хэмжээг багасгадаг. Хунчирыг литийтэй хамт хэрэглэхэд бие махбодод литийн хэмжээ эрсдэлтэй хэмжээнд хүрдэг. Хунчирыг литийтэй хамт хэрэглэхийн өмнө маргэжлийн хүнтэй ярилцаж, тун хэмжээг өөрчлөх хэрэгтэй.

Дархлаа дарангуйлагчид: Дархлааны тогтолцоог дарангуйлдаг эмийг эрхтэн солиулсон хүмүүс шинэ эд эрхтэнээ өөриймшүүлэх зорилгоор хэрэглэдэг. Хунчир нь дархлааны тогтолцоог сэргээж, дэмждэг тул ийм үйлдэлтэй эмийн үйлдлийг бууруулдаг. Ийм үйлдэлтэй эмэнд азатиоприн (имуран), дазиликсимаб (симулект), циклоспорин (неорал, сандиммун), даклизумаб (зенапакс), муромонаб-CD3, (OKT3, ортоклон OKT3), микофенолат (целцепт), такролимус (FK506, програф), сиролимус (рапамун), преднизон (делтазон, оразон), кортикостероид (глюкокортикоид) зэрэг эм байдаг.

Дүгнэлт:

Хунчирын үндэс бол Дорнын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг дасан зохицуулах үйлдэлтэй ба олон өвчний үед эм байдлаар хэрэглэгддэг. Хунчирыг дараахь чиглэлээр сайн судалж ашиг тустай болохыг тогтоосон байдаг Үүнд:

1. Үрэвслийг дарах үйлдэлтэй

2. Дархлалын тогтолцоог дэмждэг

3. Хорт хавдрын ургалтаас сэргийлдэг ба ургалтыг удаашруулдаг

4. Зүрх судасны тогтолцооны өвчлөлөөс хамгаалдаг

5. Чихрийн шижин ба түүнээс үүдэлтэй эрхтэн тогтолцооны өвчлөлөөс сэргийлж, зохицуулдаг

6. Антиоксидант ба хөгшрөлтийн эсрэг үйлдэлтэй

7. Шарх анагаах ба сорвижилтыг багасгах үйлдэлтэй

8. Химийн эмчилгээний үеийн хам шинжийг зөөлрүүлдэг

9. Томуу, ханиадыг эмчилдэг

10. Архаг багтрааг эмчлэхэд тустай

Хунчирыг хэрэглэх олон арга зам бий. Цай байдлаар, нэмэлт, гадуур түрхдэг тосон түрхлэг байдлаар хэрэглэдэг. Түүнчлэн хунчирыг өөр жоруудтай хавсран хэрэглэж болно. Хунчирыг хэрэглэж эхлэх үедээ эмчийн зөвлөлгөө, зааврыг баримталж, өөр бусад бүрэлдэхүүнтэй харилцан үйлчлэлцэх байдал ба илэрч болох гаж нөлөөний талаар мэдсэн байх хэрэгтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.