БНСУ гадаад улс орнуудад хандан МЭДЭГДЭЛ гаргалаа
БНСУ-ын Гадаад хэргийн яам болон Гадаад иргэн, харьяатын газраас СOVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар тус улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сөүл дэх гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газруудад мэдээлсэн байна.
БНСУ-д манай улсын 48 гаруй мянган иргэн оршин сууж байгаа бөгөөд тус улсад нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан гадаадын иргэдэд чиглэсэн тодорхой зохицуулалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна.
Тухайлбал,
- Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураар нутаг буцах өршөөлийн хугацаа болох 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш эрүүл мэндийн байгууллагын хөл хорионд хамрагдаж, нутаг буцаж чадаагүй бол тэдгээр иргэдийг эмнэлгийн нотлох бичгийн дагуу өршөөлд хамруулна.
- БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд хуулийн байгууллагад саатуулагдахаас болгоомжилж эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйгээс коронавирусын халдвар тараах эрсдэл өндөр байна. БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу БНСУ-д хууль бусаар оршин сууж буй визийн зөрчилтэй гадаадын иргэд эрүүл мэндийн төв, эмнэлэгт хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй болно.
- Гадаадын иргэн халдвар авсан тохиолдолд холбогдох ЭСЯ-нд шуурхай мэдэгдэнэ.
- Эрүүл мэндийн олон улсын дүрмийн 40-р заалт болон дотоодын холбогдох хуулийн дагуу коронавирусын халдвар авсан гадаадын иргэдийн эмчилгээний зардлыг Өмнөд солонгосын тал хариуцна гэсэн байна.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д нийт 2,5 сая гаруй гадаадын иргэн оршин сууж байгаагаас 340,000 орчим нь визийн хугацаа хэтрүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.