Эмнэлгийн 115 мянган ажилтан коронавирусний халдварын улмаас нас баржээ

Эмнэлгийн 115 мянган ажилтан коронавирусний халдварын улмаас нас баржээ

 Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш эмнэлгийн 115 мянган ажилтан коронавирусний халдварт өвчнөөс үүдэлтэй хүндрэлийн улмаас нас баржээ.

“Нарийн тодорхой мэдээлэл байхгүй хэдий ч бидний тооцоолж буйгаар хамгийн багадаа 115 мянган эмч, сувилагч “COVID-19”-н хүндрэлийн улмаас нас барж, олон сая хүн бусдыг аврах үеэрээ халдвар авчээ” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдэв.

Эмнэлгийн ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй нөхцөлөөр хангахыг ДЭМБ-ын тэргүүн уриалаад эрүүл мэндийн салбарт хийж буй санхүүжилтийг ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.  Эрүүл мэндийн олон сая ажилтан одоог хүртэл вакцинд хамрагдаагүй байгааг хүлээн зөвшөөрч боломгүй явдал гэж тэрбээр үзэж байна.

Хүн төрөлхтний цар тахалтай тэмцэх цаашдын төлөвийн талаар тэрбээр ярихдаа дэлхий дахинд вакцин, эмнэлгийн бусад тоног төхөөрөмжийг шударгаар хуваарилахыг шалгарсан арга гэж үзэж буйгаа Гебрейесус хэлэв. Үүнтэй холбоотойгоор тэрбээр “COVAX” олон улсын механизмын ач холбогдлыг сануулан дурджээ.

“Улс орнууд “COVAX” механизмд хувь нэмрээ оруулж, вакцинаасаа нэн даруй хуваарилж чадвал 9 дүгээр сар гэхэд нэг улсын хүн амын дор хаяж 10 хувь нь, оны эцэс гэхэд 40, ирэх оны хагас гэхэд 70 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байх юм” гэж ДЭМБ-ын тэргүүн хэлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.