Олимпын тосгон нээгдэж, тамирчдыг хүлээн авч эхэлжээ
Энэ сарын 23-нд эхлэх Токиогийн Олимпын үеэр тамирчид, төлөөлөгчдийг байрлуулах Олимпын тосгон Японы нийслэл хотод үйл ажиллагаагаа эхлүүллээ гэж наадмыг зохион байгуулах хороо мэдээлэв. Цар тахалтай холбогдуулан энэхүү байгууламжийг нээх ёслолыг зохион байгуулахгүй байхаар болжээ.
Токиогийн булангийн эрэгт 44 га талбай эзлэн орших уг хотхоны 21 барилгад 18 мянга орчим тамирчин, төлөөлөгчид байрлах юм. Тамирчид өөрсдийнх нь оролцох тэмцээн эхлэхээс тав хоногийн өмнө тосгонд ирэх бөгөөд тэмцээнээ дуусгаснаас хойш хоёр хоногийн дотор орхин явах ёстой юм.
Коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хотхоны нутаг дэвсгэрт халдварын шинж тэмдэг илэрсэн тамирчдыг шалгах тусдаа эмнэлгийн хэсгүүд 24 цагаар ажиллана. Тамирчид өдөр бүр коронавирусний шинжилгээ өгч, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих журмыг чанд сахих ёстой. Харин согтууруулах ундааг ганцаараа хэрэглэх тохиолдолд өрөөндөө авч орохыг зөвшөөрчээ.
Зуны Олимпын XXXII наадам Токио хотноо долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.