Грекийн олон бүсэд ойн түймэр дэгдээд байгаатай холбоотойгоор 1000 гаруй гал сөнөөгчийг дайчилжээ.

Грекийн олон бүсэд ойн түймэр дэгдээд байгаатай холбоотойгоор 1000 гаруй гал сөнөөгчийг дайчилжээ.

Грекийн олон бүсэд ойн түймэр дэгдээд байгаатай холбоотойгоор “хүндхэн зун” болж өнгөрөх төлөвтэй байгааг тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгджээ.

Тодруулбал, Грекийн янз бүрийн бүс нутагт олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд түймрийг унтраахад 1000 гаруй гал сөнөөгчийг дайчилжээ. Мөн тус улсад сүүлийн 30 гаруй жил тохиогоогүйгээр хэт халж байна. 

Эрх баригчид Афин, Крит тэргүүтэй олон бүсэд түймэр дэгдэх эрсдэлтэй хэвээр байгааг анхааруулаад байна. К.Мицотакисын мэдээлснээр, Засгийн газар иргэдийнхээ амь насыг авран хамгаалахыг эн тэргүүнд тавьж байгаа ажээ.

Грект сүүлийн 10 хоногт 56 мянга гаруй га талбай түймэрт өртөөд байгааг Европын Ойн түймрийн мэдээллийн төвөөс мэдээлжээ. Түүнээс сүүлийн 24 цагт Грекийн хоёр дахь том арал болох Эвиа болон Пелопоннес бүсэд дэгдсэн 10 гаруй түймрийг унтраажээ.

Ийнхүү Эвиа арлаас 2000 гаруй хүнийг гатлага онгоцоор нүүлгэн шилжүүлжээ. Мөн шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд ашиглах 10 усан онгоцыг арлын хойд хэсэгт байрлуулсан талаар Эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч “AP” агентлагт мэдээлжээ.

Мөн Грект олон улс орон тусламж санал болгоод байгаа бөгөөд түймэр гарсан бүс нутгууд руу Их Британи, Румын, Швейцарын гал сөнөөгчдийг илгээсэн байна. Үүний зэрэгцээ Туркт ойн олон түймэр дэгдээд байна. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үүсээд буй нөхцөл байдлыг улсын түүхэн дэх хамгийн аюултай ойн түймэр хэмээн тодорхойлжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цаг уур халуун, хуурай болох эрсдэл нэмэгдэж буй нь ойн түймэр дэгдэх аюулыг нэмэгдүүлж буй бололтой байна. Дэлхийн агаарын температур аж үйлдвэрийн эрин эхэлснээс хойш хэдийнээ цельсийн 1.2 хэмээр халаад буй бөгөөд улс орнуудын Засгийн газрууд хорт хийн ялгарлыг бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол цаашид улам нэмэгдэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.